Цаг үе
Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөгчид туршлага судаллаа
Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олон өнөөдөр Баянгол дүүрэгт зочиллоо. Зочдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Дэд дарга Ү.Батбаяр, Дэд дарга Г.Мөнхсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар хүлээн авч уулзав.

Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл Нийслэл хотын есөн дүүргээс Баянгол дүүргийн ИТХ-ыг сонгон туршлага судлах, харилцан санал солилцохоор хүрэлцэн ирсэнд баяртай байна. Тавтай зочилно уу. Манай хамт олон энэ өдөр та бүхэнтэй нээлттэй хамтарч ажиллах болно” хэмээн хэлсэн юм.
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал энэ үеэр ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдаан зохион байгуулах дэг болон Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг танилцуулаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Т.Норов: “Манай хамт олон 2021 оны үйл ажиллагаандаа “Туршлага судлах” ажлыг төлөвлөсөн. Өнөөдөр Ажлын алба 15 хүний бүрэлдэхүүнтэй танай байгууллагад зочилж байна. Бидний зорилго Нийслэл, дүүрэг, бусад аймгийн ИТХ-ын байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажил, үйл явцтай танилцах, өөрсдийн үйл ажиллагааг харьцуулан дүгнэх, үнэлж цэгнэх боломж эндээс гарч ирнэ гэж үзсэн.

Учир нь манай аймгийн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүн өмнөхөөс нэлээд өөрчлөгдөж, хэлтэс бүрийн чиг үүргийг нарийвчлах, удирдан зохион байгуулах чиглэлд туршлага судлах зайлшгүй шаардлагатай байлаа. Өнөөдрийн уулзалтаас бид чамгүй зүйлсийг анзаарч, адил албан тушаалтай мэргэжилтнүүдээ танилцуулах, тэдний ажлын арга барил, туршлагыг солилцуулах тал дээр анхаарч ажиллахыг чухалчилж байна.
Мөн Нийслэл хотын нэг дүүрэг аймагтай харьцуулахад хүн амын тоо их, тэр хэмжээгээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ, бодлого чиглэлийг агуулга цар хүрээ, гадаад хамтын ажиллагаа өргөн нь ажиглагдлаа. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн өмчийн байртай, хэлтсүүдийн чиг үүрэг маш тодорхой. Хамт олон нь ажлаа гартаа оруулсан, чамбай баг ажилладаг нь харагдлаа. Тиймээс бид нэг удаагийн уулзалт болгоод өнгөрөх биш цаашид харилцаа холбоотой ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн юм.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
