Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үзвэр үйлчилгээ нээлттэй

Огноо:

,

Цар тахлын нөхцөл байдал  ойрын жилүүдэд үргэлжлэх магадлал өндөр байгааг олон улсын эрдэмтэд тооцоолсон учраас  Засгийн газар, Улсын Онцгой комиссоос иргэдийг дархлаа сэргээх нэмэлт бүүстэр тундаа хамрагдахыг уриалж, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон бусад асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Засгийн газрын зүгээс цар тахлын амаргүй цаг үед эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримтлан ажиллаж буй. Ковидын үеийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг бууруулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн хамгийн чухал ажил бол нийт хүн амынхаа 65.7 хувийг 2 тун вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлсэн. Гэвч мутацид орсон шинэ хувилбарууд вакцины үйлчлэлийг бууруулж байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт 3 дугаар тунд иргэдээ идэвхтэй хамруулах зорилтот ажлыг Монгол Улсын Засгийн газраас улс, нийслэл даяар зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар вакцины 2 тунд нийт хүн амын  69 хувь, 3 дугаар тунд 23 хувь хамрагджээ. Харин вакцинжуулалтын нэгдүгээр тундаа хамрагдаагүй 116 мянга, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган иргэн байгаа нь халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга  С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр  “Вакцинтай тулдаа бид хатуу хөл хорио тогтоолгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулж, хичээл сургалтаа танхимаар үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Цаашид Засгийн газар, УОК-ын зүгээс бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүхий л шатанд хангахаар ажиллаж байгаа. Иймд эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” хэмээв.

Өнөөдрөөс урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлсэн. Үзвэр үйлчилгээ үзэх иргэд нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж үйлчлүүлнэ. Эсвэл  20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээг газар дээр нь өгч үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газраас нэмэлт бүүстэр тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж ажиллаж байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох