Шударга мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй
Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов.
Зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 23 хувь буюу 420 мянга орчим иргэн хамрагдаад байна. Үүнээс үүдэн цар тахлын халдварын тархалт эрчимтэй буурахгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлоод “Хүсээгүй хүндрэлийг даван туулахад хамтдаа зүтгэж, Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж буй ард иргэддээ талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд эдийн засаг 9.2 хувиар агшсан бол энэ онд 5.6 хувиар агшсан үзүүлэлт гарлаа.
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлэн урлаг, соёлын салбарын хоригийг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар боллоо. Хоёр жилийн турш хатуу хөл хориотой байсан үзвэр, үйлчилгээ, спортын арга хэмжээг нээж байна. Харилцан хариуцлагатай байж, өдрөөс өдөрт бие биеэ дэмжиж, үе шаттайгаар эдийн засгаа дэмжиж ажиллах цаг болжээ. Иргэд маань үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ нэмэлт тунд хамрагдсан байхыг онцолъё. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд бид улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ. Нэг жилийн өмнө нөхцөл байдал, өнөөдөртэй ганцхан зүйлээр ялгаатай. Энэ нь Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй улс болоод байна. Гэтэл вакцины нөөцгүй улс орон зөндөө бий.
Манай улсын хувьд вакцин тарьж эхэлсэн цагаас хатуу хөл хорио тавиагүй. Хөл хориотой үе түүх болж үлдэж байна. Энэ бүхний эцэст маш энгийн уриалга дэвшүүлж байна. Нэмэлт тундаа эрчимтэй хамрагдъя. Үзвэр үйлчилгээг үзэхээ иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой.
Цар тахал асар том сорилт авчирч байна. Нийгмийн амьдралын хэв маягийг өөрчилж, эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Боловсрол завсардаж, гадаад харилцаа, олон улсын худалдаа, соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг сааруулав. Тээвэр ложистик 8-9 дахин удааширлаа. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлээд байна. Монгол Улсаас хамаарахгүй зүйлс их бий. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Эрээн хот ч хүнсний хомсдолд орсон. Ганц манай улс биш, бусад улсын хувьд Хятадаас авдаг бүтээгдэхүүн тасарч байна. Тэгэхээр вакцинжуулалт бол дэлхий нийтийн асуудал болж байна" гэлээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2021/10/14
Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж, хайртай х...
-
Улстөр нийгэм2025/09/19
“ГОВЬ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
-
Цаг үе2023/05/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Шударга мэдээ2023/08/31
ЗГ: Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургуу...
