Улстөр нийгэм
УИХ-д өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар “D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ

УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “My D-Parliament” цахим системийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 гаруй оролцогч танхим болон цахимаар оролцлоо.
Монгол Улсын парламент цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.
Түүнчлэн энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол УИХ-ын тухай, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад тодорхой заасан. Мөн 2019 онд баталсан УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа “УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах” гэж тодорхойлж, парламентын үйл ажиллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “My D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ.
Тус системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм.
Манай улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад “ард түмний засаглах эрх”-ийг хангахуйц түвшинд байсан эсэх нь учир дутагдалтай. Монгол Улсын 3.300.000 хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх цахим системийг танилцуулж байна.
Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Цахим системийг танилцуулах нээлтийн ажиллагаанд эх орны өнцөг булан бүрээс цахимаар оролцож байгаа оролцогчдыг төлөөлөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн н.Буянжаргал, Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Дашбаатар, Ховд аймгийн Үенч сумын иргэн н.Аззаяа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Гантулга нар сэтгэгдлээ хуваалцсан юм.
“My D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах, цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, УИХ-ын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй.
Тодруулбал, цахим системд Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм.
Ийнхүү цахим систем хэрэглээнд нэвтэрснээр таны сонирхож буй хуулийн төслийн үе шат бүр ил тод болохоос гадна өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ илгээх боломжтой болно.
Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх 7 хоногийн УИХ-ын үйл ажиллагааны тойм болон ирэх 7 хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ.
Иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.
Та бүхэн,
- Apple iPhone гар утастай бол Apple App Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://apps.apple.com/us/app/d-parliament/id1616893866 холбоосоор татаж суулгах;
- Android системтэй гар утастай бол Play Store-оос “D-Parliament” гэж хайлт хийж https://play.google.com/store/apps/details?id=mn.code36.mylaw.mylaw_flutt холбоосоор татаж суулгах боломжтой.
Мөн https://d.parliament.mn цахим хуудаст нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2023/12/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/09/05
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2023/03/14
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой холбогдох журмуудыг баталлаа
-
Цаг үе2020/10/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно