Шударга мэдээ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өргөн барилаа.
УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан. Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/ талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг.
Гэвч Концессын тухай хууль нь концессын 7 төрөл, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, концессын уралдаант шалгаруулалт зэргийг түлхүү зохицуулсан хууль бөгөөд түншлэлийн таатай орчинг хууль зүйн хувьд хангалттай бүрдүүлээгүй, Төр хувийн хэвшлийн түншлэлийн ил тод байдал, түншлэгч талуудын чиг үүрэг, түншлэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, түншлэлийн баталгаа зэрэг асуудлыг хангалттай зохицуулаагүй, институцийн хувьд төрийн байгууллагуудын оролцоо, харилцан уялдааг төдийлөн хангаж чадаагүй гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль зэрэг төсөв, санхүүгийн холбогдох томоохон хууль тогтоомжтой уялдаа холбоо сул байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тодотгов.
Уг хуулийн төслийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Мөн томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Сангийн яам Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран концессын хууль, эрх зүйн орчин, төсөвт үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал болон холбогдох гэрээнүүдэд дүн шинжилгээ хийх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж тайлан, зөвлөмжүүдийг боловсруулсан байна. Эдгээр зөвлөмжүүдэд концессын хууль, эрх зүйн орчин, институцийн тогтолцоо, нарийвчилсан зохицуулалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцолж, концессын асуудал нь Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сул тал болж, цаашид улсын төсвийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар онцгойлон анхааруулсан байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 60 зүйлтэй. Хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр, ТХХТ-ийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчилсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар ТХХТ-ийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ОУ-ын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
-
Улстөр нийгэм2026/01/23
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна
-
Улстөр нийгэм2021/04/28
ЗГ: Улсын хэмжээнд 262 466 хүн вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байна
-
Улстөр нийгэм2025/08/26
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрө...
-
Улстөр нийгэм2022/11/03
Ж.Ганбат: Экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжих ...
