Улстөр нийгэм
Хүүхдийн паркийг иргэдийн амралт, чөлөөт цагт зориулан зөвхөн ногоон байгууламжаар ашиглахаар шийдвэрлэв
Нийслэлийн ИТХ-аас 2021 оны тавдугаар сард 62 дугаар тогтоол батлан “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар, түүний олголт, төлөвлөлтийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг төлөөлөгч Б.Мягмар ахалж ажилласан бөгөөд, тэрбээр санал дүгнэлтээ танилцууллаа.
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшиж буй газрын ойр орчим тухайн компанийг оролцуулаад найман хуулийн этгээд газар эзэмшиж байна. Үүнд, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК, Шангрила Улаанбаатар хотел ХХК, Сөүл ХХК, Мон уран ХХК, Төгс эрдэм сан НҮТББ, Монголын хүүхдийн ордон, Хайртохой ХХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК байгаа аж. Харин ажлын хэсгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн менежментийн багт нийслэлийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдийн тоог нэмэх замаар хяналтыг сайжруулах, тус компаниас нийслэлийн төсөвт төвлөрүүлж, ногдол ашиг өгсөн болон ногдол ашиг өгөхийг зогсоосон нь компанийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоохоор дүгнэжээ. Мөн үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Villa төслийн эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг дүгнэх ёстой гэж үзсэн байна. Цаашлаад тус төслийг хэрэгжүүлэхийг нийслэл хувьцаа эзэмшигчийн хувиар дэмжих эсэр талаар шийдвэр гаргах ёстойг Ажлын хэсгийн ахлагч Б.Мягмар танилцуулгадаа дурдлаа.
Түүнээс гадна 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын архитектор гурван давхар хүртэл батлагдсан олон зориулалтын талбайтай үйлчилгээ, соёл амралтын төвийн зориулалтаар МЗХ-2018/27-14 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар баталсан. Тэгвэл ажлын хэсгээс энэхүү эх загвар зургийг хүчингүй болгож, зөвхөн ногоон байгууламж, тохижилтын чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг батлах саналыг оруулжээ. Тэгэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дараагийн шатанд яаралтай эхлүүлэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ёстой хэмээв. Тус хүрээлэнгийн эзэмшилд одоогоор 31.4 га газар буй. Энэ газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Цаг үе2023/10/09
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Улстөр нийгэм2022/05/31
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэжээ
-
Шударга мэдээ2020/04/02
Уурхайчид улсын онцгой комисст цалингаа хандивлалаа
-
Цаг үе2021/02/18
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
