Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон.

Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүргийг өгсөн билээ. Энэхүү албан даалгавартай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхны хамт “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.  


ШАХМАЛ ТҮЛШ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН, ЧАНАРЫГ НЬ МЭДЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Нийслэл хотын хувьд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гарч, хэрэгжилтийг хангах чиглэлээр бүх шатанд ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн нэг хэсэг нь шахмал түлшний нөөц бэлтгэх, гэр хорооллын иргэдийг түлшээр хангах ажил байдаг. Нийслэлчүүдийн хувьд шахмал түлшийг дөрөв дэх жилдээ түлэх гэж байна. Хэрэглээнд нэвтэрсэн, үр ашиг, чанарыг нь мэдсэн бүтээгдэхүүн. Гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлыг ая тухтай, дулаан өвөлжүүлнэ гэдэг том асуудал. Ирэх өвлийн хувьд нийслэлийн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд багтаж, хэрэглэх түлшний хэмжээ 700 мянгад хүрэх төлөвтэй байна. Нийслэлийн хувьд шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулагчдын урамшуулал, цалин хөлсний асуудлыг хариуцдаг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 60 мянган тонн нөөц бүрдүүлэн хадгалж байна. Аравдугаар сарын 1 гэхэд нөөцийг 200 мянган тоннд хүргэх үүрэг өгсөн. Гэтэл агуулах тун хүрэлцээгүй байна. Ковидын үеэр агуулах олдоцтой байсан бол энэ жилээс ховорхон болж байна. Гэвч бид бүх боломжит хувилбарыг судалж, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн юм.   

Түүнчлэн шахмал түлшний борлуулалтыг эртнээс оновчтой зохион байгуулах, өндөрлөг газарт аж төрж буй иргэдэд хүргэх, тэр дундаа ахмад настан, олон хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдэд үйлчилгээг ойртуулах  зорилгоор өндөрлөг газруудад борлуулалтын цэг байгуулах саналыг ч гаргаж байлаа. Өндөрлөг газруудад тээвэр хийх компанийг тусад нь шалгаруулж, тарифыг ялгаатай тогтоох боломжтойг ч мөн хэлж байлаа. Тээврийн компаниудад тавьж буй шалгуурыг хэт өндөр байлгах нь зохимжтой буй гэдгийг ч мөн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө дурдсан юм.


ЦААШИД ДАРХАН, ЭРДЭНЭТЭД Ч ШАХМАЛ ТҮЛШ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд түлш нийлүүлэлт, борлуулалтад шинэлэг хэлбэрийг ашиглах, нийслэлийн хувьд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах, энэ жилээс түлш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, түлш борлуулах картыг ашиглан түгээлтийг оновчтой болгох, борлуулагч нар ашиг олохын сацуу түлш хадгалах агуулахтай болгоход болохгүй зүйлгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.  Салбарын сайд цааш нь хэлэхдээ “Үйлдвэрлэлийг түргэсгэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн  бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн ажиллуулж эхлэх  үүрэг даалгаврыг өгсөн. Зүүн үйлдвэр нь жилд 900 мянгаас нэг сая 200 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот жилдээ 600 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг. Тиймээс цаашид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярих бус Дархан, Эрдэнэт, бусад галт тэргээр холбогдож буй бүхий л хот сууринд шахмал түлш нийлүүлэх, аймгуудын төвүүдийг агаарын бохирдлоос салгах асуудлыг хөндөн тавих цаг болсон” гэлээ.

“Өнөөдрийн байдлаар манай баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, 60 мянган тонн түлш нөөцлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонныг нөөцөлсөн байх ёстой. Бид наймдугаар сарын 1-ээс зүүн бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийн бүсийн агуулахад 6000 тонн түлш нөөцлөөд байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хэлж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.

2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;

4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;

5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.

Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикстан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.

Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг. Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 24-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох