Шударга мэдээ
Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, УИХ-ын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа.
Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 6 дугаар зүйлийн 6.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.2, 8 дугаар зүйлийн 8.2.2-т тус тус заасныг үндэслэн УИХ-ын гишүүд ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах саналыг гаргажээ.
Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 2020-2022 онд улсын хэмжээнд ямар ямар аж ахуйн нэгж хэр хэмжээний коксжих нүүрс олборлосон, ямар аж ахуйн нэгж коксжих нүүрс тээвэрлэсэн, тэдгээр нь ямар хэмжээний орлого олсон, Монгол Улсын нийт боомтоор экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ. Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр ямар хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүд хүсэлтдээ дурджээ.
Байнгын хорооны тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан. Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10 цагт явуулахаар, тус сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.
Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай УИХ-ын гишүүдийн хүсэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь “Ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
-
Цаг үе2020/01/29
Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
-
Цаг үе2025/12/19
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Шударга мэдээ2021/05/14
Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчэ...
-
Улстөр нийгэм2020/08/05
Жайка байгууллагын суурин төлөөлөгчтэй уулзалт хийлээ
