Улстөр нийгэм
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан зорилт 8.2-ын I үе шатны 8.2.3-т “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж, II үе шатны 8.2.3-т “Шинэ нийслэлд төрийн захиргааны болон зарим нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэх ажлуудыг эхлүүлсэн байна”, III үе шатны 8.2.2-т “Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно” гэж тус тус тусгасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дээрх зорилтуудыг тусгасан байдаг.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.
Нийслэлийн хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсэж, хүн амын хэт төвлөрөл үүсгэж байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулжээ.
Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021 онд хэрэгжүүлсэн “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн тайланд “Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг Хангайн бүсийн тулгуур төв Харин хот эсхүл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах” саналыг дэвшүүлсэн байна.
Түүхэн ач холбогдлын хувьд Орхон голын сав нутаг, Орхоны хөндийн газар нь нүүдлийн соёл иргэншлийн газар зүйн гол зангилаа нутаг төдийгүй байгаль дэлхийтэй энгийн арга хэлбэрээр зохицон амьдарч байгааг харуулсан нүүдлийн ахуйг өдгөө ч хадгалсаар байдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний нэн эртний түүхийг гэрчлэх чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрууд болон нүүдэлчдийн анхны төрт улс үүссэн, эртний нүүдэлчдийн төр улсууд үе залгамжлан оршин тогтнож, өрнө, дорнын харилцааны төв болж байсныг гэрчлэх археологи-архитектурын дурсгалуудыг өнөөг хүртэл хадгалж ирсэн газар нутаг юм. Мөн Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь бурхны шашны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хүрээ зэрэг олон хот суурин газруудыг байгуулж байсан түүхтэй. ЮНЕСКО-гоос 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.
Иймд дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотгоод УИХ-ын чуулганаар нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна гэв.
Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар тусгасан байна.
Мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, Шинэ Хархорум хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, шаардлагатай санхүүжилтийг шийдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2023/02/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0223 дугаар салбарт алба хааж буй хилчидтэ...
-
Цаг үе2019/09/04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2025/01/03
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай та...
-
Улстөр нийгэм2026/01/26
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр д...
