Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод болно

Огноо:

,

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих,  хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас жил бүр Азийн бүс нутагт  “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ. 

Өнгөрсөн жилийн  БНСУ-д болсон чуулга уулзалтад  Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар   үндсэн илтгэгчээр оролцож байв. 

Энэ жил Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. 

Чуулга уулзалтад  БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирэхээр болжээ. 

Мөн Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, OnBoard компанийн үүсгэн байгуулагч Наоми Коши, Тайланд Улсын Таммасат Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал, Япон судлалын хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Бүгд Найрамдах Филиппин Улсын Конгрессын гишүүн, Филиппиний Эмэгтэйчүүдийн Их сургуулийн үүсгэн байгуулагч Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн Их сургуулийн Жендэр судлалын сургуулийн профессор Миа Сискавати, Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким нарын  эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно. 

Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. 

Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна.  Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм.

 Тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үздэг ч жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.

Мөн энэ үеэр Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэх ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.

Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох