Цаг үе
Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон юм.
Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ “Цахим эдийн засгийг дэмжих гол дэд бүтэц бол Шуудан юм. Шуудангийн харилцаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Харамсалтай нь Монгол Улсад орхигдоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Иймд нэн түрүүнд хууль эрхзүйн орчныг шинэчилж, ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, Apple pay, Paypal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүргэлтийн системийг сайжруулахын тулд гааль, татварын асуудлыг бүс нутгийн хэмжээнд ойлгомжтой болгоно. Ингэснээр үндэстэн дамнасан худалдааны эргэлт сайжирна” хэмээн онцлов.
Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс “Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж хэллээ. Тэрбээр “8 бүлэг, 27 зүйлтэй Шуудангийн тухай хуулинд Монгол Улстай ижил хөгжиж буй статустай орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулахад зохицуулагдаагүй орхигдсон харилцаа цөөнгүй байна. Тухайлбал, шуудангийн сүлжээ эзэмшигч, түүний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэдгийг дурдав.
"Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл" дугуй ширээний уулзалтад яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд болон Улсын бүртгэлийн газар, Монгол банк, Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийнн хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцлоо.
Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс хаягжилтыг тодорхой болгох, шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах зэрэг санал хүсэлтийг гаргав
Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зөвлөмж гарган, хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах юм.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Урлаг спорт2024/04/19
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөм...
-
Цаг үе2020/05/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2024/04/03
Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
-
Шударга мэдээ2021/06/28
“e-Mongolia” хотын төвийн хороодод ажиллаж байна
