Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа.

“Сэлбэ дэд төв” 20 минутын хот бодлогын жишиг хот болох юм. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Энэ хотын 40 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөжээ. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлөөд байна. “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах гэрээ байгуулжээ. Гэрээт ажлын хүрээнд эхний ээлжийн барилгажилтын төсөл болох Сүхбаатар дүүрэг дэх 10 га, Чингэлтэй дүүрэг дэх 13 га газрын төлөвлөлтийг батлуулсан байна. “Сэлбэ дэд төв”-ийн дэд бүтцийн ажил бүрэн дуусчээ.  Энэ онд багтаж газар чөлөөлөлтийг дуусгаж 1184 өрхийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, шат дараатайгаар бүтээн байгуулалтыг хийнэ. Тус төсөл 2028 онд хэрэгжиж дуусна. Дараагийнх нь “Баянхошуу дэд төв” байх бөгөөд одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нөөс гажихгүйгээр ажлаа хийхийг санууллаа. Орон сууцны хороолол барихад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг бүрэн төлөвлөн иргэд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, иргэд түгжрэхгүй, 20 минутад төрийн бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлого гэдгийг хэллээ. Мөн 1992-2021 он буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол Засгийн газраас 2024-2028 онд үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 20 минутын хот бодлогын эхний жишиг нь Сэлбэ дэд төв байх бөгөөд цаашид Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг түшиглэн хот байгуулж нийслэл дэх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй түгжрэл, агаар, орчны бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж байна. Энэ ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийвэл татварын бодлогоор дэмжинэ гэлээ.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид ирэх сард багтаан нийт 158 га талбайд баригдах 12 мянган орон сууцны гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй байна.  “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Ингэснээр цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад газрын нөөц сан бүрдэнэ. “Сэлбэ дэд төв”-ийг нийслэлийн бондоор санхүүжүүлнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна.  Баянхошуунд 800 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд нийтдээ 1700 айлын орон сууц баригдана гэлээ.
 “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт дуусаж хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий болно. Агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гарчээ.


 
 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна

Огноо:

,

Нийтийн эзэмшлийн талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, орц гарцыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайсыг чөлөөлөх шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд ялангуяа авто зам дагуу байрладаг авто засвар, дугуй засвар, авто угаалгын газрууд, хоёрдогч түүхий эд худалдаалдаг ААНБ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил түгээмэл илэрч байгаа. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт үргэлжилж, Баянбүрдээс Дэнжийн 1000 өгсөх зам дагуу тос, тосолгооны түүхий эд борлуулдаг байршил дээр бид өнөөдөр ажиллалаа. Нийтийн эзэмшилд дур мэдэн контейнер байрлуулсан. Түүнийгээ түрээсэлдэг зөрчлийг илрүүллээ. Нийт 10 аж ахуйн нэгжийн нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан контейнер ТҮЦ-ийг чөлөөллөө. ААН-үүд газраа дур мэдэн өргөтгөж, барилга барьдаг. Газраа зориулалтын дагуу ашигладаггүй зөрчил их байна” гэлээ.

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 40 орчим байршилд хяналт шалгалт хийж байгаа аж. Газраа дур мэдэн өргөтгөж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байгааг хяналт шалгалтын холбогдох байцаагч нар хэллээ. Мөн шалгалтаар илэрч буй зөрчлүүдийг ангилан ялгаж, холбогдох бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн гэдгээ мэдэгдлээ. Ялангуяа тос, тосолгооны түүхий эдийг нийтийн эзэмшлийн талбайд худалдан борлуулах нь хүрээлэн буй орчиндоо болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хотын стандартад нийцэхгүй гэдгийг нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр тодотгов.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дунд гол орчмын хог хаягдлыг долоодугаар сарын 24, 25-нд цэвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот орчмын Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд голыг цэвэрлэнэ.

Ингэхдээ, 

  • Дүүргийн 26-р хороо буюу Энхтайваны гүүрний доороос “Нарны хороолол”, 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг,
  • Дүүргийн 20-р хороо буюу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд хэсэг, Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг самнаж цэвэрлэх юм.

Цэвэрлэгээг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийг бүрэн хариуцаж ажиллана. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох