Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна

Огноо:

,

Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр өдөр дараалан хуралдах юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас зарим зүйлийг  тодрууллаа.

-Усны асуудлыг зохицуулсан 13 орчим хууль байдаг. Хууль хоорондын нийцэл ямар байна вэ. Ер нь ажлын хэсэг байгуулах гол шалтгаан нөхцөл юу байсан бол…?

-Монгол Улсын Их Хурлын даргын 09 дүгээр сарын 05-ны өдийн 79 дүгээр захирамжаар Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Байгалийн ухааны салбарын хүн болохоор надаар ажлын хэсгийг ахлуулахаар болсон байх.

Улсын Их Хурлаас энэ чиглэлийн ажлын хэсгийг 2022 онд байгуулж байсан юм билээ. Холбогдох тайлан, ажлын хэсгийн протоколуудтай танилцсан.  

Ер нь хүний ундны усаар хангагдах суурь эрх хэрхэн хангагдаж байгаа асуудал нь судалгааны  хувьд гүн гүнзгий агуулгатай, өргөн цар хүрээтэй сэдэв. Усны нөөцийн асуудал гэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газарт хамаардаг. Гэхдээ 2008 оноос өмнө нь тухайн үеийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Үндэсний геологийн албанд холбогдох мэдээлэл нь байж байх жишээтэй. Мөн айл өрхүүдэд түгээх цэвэр усны угсралт, ариун цэврийн байгууламж нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд, ус суваг, тохижилт төлбөр тооцоо нь нийслэлийн харьяаны асуудалд хамаардаг гэх зэргээр олон газарт асуудал нь харьяалагддаг. Хамгийн гол нь олон газарт харьяаллагддаг салаалсан асуудлын уялдаа холбоо нь хууль эрх зүйн орчинд хангагдсан эсэх нь  чухал. 

Монгол Улс усны асуудлыг зохицуулсан 13 орчим хуультай. Ажлын хэсэг есдүгээр сарын эхээр хийсэн эхний хуралдаанаараа дээрх хуулиудад хуульчдаар дүн шинжилгээ хийлгэхээр тохирсон. Ялангуяа ус гэсэн нэр томьёолол орсон дөрвөн хуулийн хооронд давхардал, хийдэл, зөрчил байгаа эсэхийг судлуулахаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд хандсан. Ирэх сарын 15-н гэхэд судалгааны тайлан дүн шинжилгээний хариу гарах юм.

-Ажлын хэсгийн хоёр дахь хуралдаанаар саарал усны ашиглалтын асуудлыг хөндсөн санагдана. Энэ талаарх хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байгаа бол…?

-Ажлын хэсгийн хуралдаанд Усны газрын дарга З.Батбаяр  2011 онд батлагдсан “Ус үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан. 2021 онд хэрэгжиж дууссан эл хөтөлбөрийн хүрээнд Мянганы сорилтын сангийн төслөөр баригдаж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн явц байдал, хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан. Төслийн хүрээнд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулахаар зэхжээ. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглээд урсгасан ус цэвэрлэх байгууламжаар дамжаад тус үйлдвэрт дахин цэвэрлэж, боловсруулагдаад буцаж ашиглах асуудлын дэд бүтэц бэлэн болжээ гэсэн үг.  Гэвч дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байна. Тухайн үйлдвэрт дамжуулах усны стандарт, найрлага нь ямар байх ёстой, боловсруулсан ус ямар стандарттай байх юм, тэрхүү стандартад хэн, хаанаас хяналт тавих вэ гэсэн нарийвчилсан тодорхой зохицуулалт алга. Иймд устай холбоотой аль нэг хуульд нь саарал усны харилцааг зохицуулсан асуудлыг тусгах шаардлагатай гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрээд  байна.

Нөгөөтээгүүр, үйлдвэрт хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэх нь гарцаагүй. Дахин боловсруулсан ус өртөг өндөртэй байна гэсэн үг.  Энэ нөхцөлд бид үер, цас мөсний усыг хадгалах ухаалаг хуримтлал үүсгэх нь өртөг зардлын хувьд бага байж ч мэдэх юм. Тэгэхээр асуудлыг олон талаас нь судлах зүйтэй. Тиймээс салбарын эрдэмтэн, судлаачдаа сонсох шаардлагатай байна.

-Ажлын хэсгээс тусгайлан эрдэмтэн, судлаачдын  үгийг сонсож, хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд усны асуудлаар салбарын төлөөлөлтэй албан бус уулзалтуудыг олонтаа хийсэн. Гэхдээ ажлын хэсгийн  хувьд энэ долоо хоногийн хуралдаанаар устай холбоотой төрийн яам агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид гээд салбарын бүх талуудын оролцоог хангаж усны асуудлаар хийж байгаа ажил, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар ерөнхий мэдээлэл сонсож, танилцана.

Дараа нь  хуулийн  давхардал, хийдлийн талаарх судалгааны дүн шинжилгээ бэлэн болмогц Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд барьж буй үйлдвэр болон бусад асуудлаар газар дээр нь очиж танилцах ажлуудыг зохион байгуулна. Үүний дараа л ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, санал, дүгнэлтээ  боловсруулна даа.

-Ер нь монголд усны чанарын асуудал хэр байгаа бол… Ажлын хэсгийн ахлагчийн хувьд олон янзын мэдээлэл судалгаатай танилцсан нь гарцаагүй?

-Судлаач хүний хувьд хэлэхэд усны чанарын асуудлыг байнга ярьж байх хэрэгтэй гэж боддог.

Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгүүдийн усны чанарын талаарх нарийвчилсан судалгаануудыг хийсэн байдаг. Тухайлбал,  Монгол Улсын 21 аймаг, сумдын хүн амын ундандаа өргөн  хэрэглэдэг худгуудаас сорьц авч, усны чанарыг судалж,  тайлан дүгнэлтээ гаргасан байдаг. Үүнээс эш татвал, Өмнөговь аймгийн 15 сумын унданд хэрэглэдэг худгийн усны чанарыг 88 үзүүлэлтээр судлахаар 73 сорьц авсан байдаг. Энэхүү 73 сорьцын 13 нь унданд хэрэглэж болохгүй, 22 нь шууд хэрэглэж болох, үлдсэн нь ариутгах шаардлагатай гэснийг тайланд тэмдэглэсэн байна билээ. Тиймээс бид эрдэмтэн судлаачдынхаа цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө босгож хийсэн судалгааны тайлангуудыг уншдаг, холбогдох зөвлөмжийг дагаж, асуудлыг шийдвэрлэхэд тусгадаг байх шаардлагатай байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Огноо:

,

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.

Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.

Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Огноо:

,

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм пудаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.


2025 оны аравдугаар сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох