Цаг үе
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо.
Одоогоос 44 жилийн тэртээ Монгол хэмээх нэрийг ертөнцийн сонорт дуурьсгасан нэгэн үйл явдал тохиосон нь Монгол хүн сансрын уудамд, огторгуйн орон зайд дүүлэн ниссэн явдал юм. Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн амьдрал, замналтай салшгүй холбоотой билээ.
Ж.Гүррагчаа баатар нь ардын армийн байлдагчаас Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбож, цэргийн нисэхийн инженер, эгэл жирийн офицероор амьдралынхаа гарааг эхлүүлжээ.
Цэрэг хүчний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн нь байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар нь Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын Байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм юм.
Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн анги юм.
Цаг үе
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Цаг үе
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр 30 хэмыг давж халж, Алтай, Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 20-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 26-28 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
-
Цаг үе2022/02/09
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Цаг үе2020/11/19
COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө
-
Улстөр нийгэм2025/02/20
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомт...
-
Улстөр нийгэм2020/10/23
Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт энэ сарын 25-нд болно