Улстөр нийгэм
Вирусний эсрэг эмийг нийлүүлэгчээс эмийн сангууд шууд цахимаар захиалж авах боломж бүрдлээ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байна. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа.
Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6 нэр төрлийн 2,04тн, 41656 ш эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7,9 тн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэврүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт 8 аж ахуйн нэгж, 3 иргэнд нийт 7.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ. Мөн эм ханган нийлүүлэлтийн чанар, стандартын чиглэлээр эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 7140 зөрчил, дутагдал илэрч, зөрчлийг арилгуулжээ.
“Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирамжийн дагуу хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 820 байгууллагыг хамруулан гүйцэтгэхэд улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн “Эсмия” шахмал эмийг 111 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх байгууллагад худалдаж байсныг илрүүлэн, тус эмийг устгах эсвэл импортлогч руу буцаах асуудлыг шийдвэрлэсэн байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, бүртгэл, хэрэглээ, үнийн талаар үнэлгээ дүгнэлт хийх Ажлын хэсгийн ажилд ямар ахиц дэвшил гарч байгааг Шадар сайд холбогдох салбарын төлөөллүүдээс тодруулсан юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтынхан хэлж байв.
ЭМЯ-ны зүгээс одоо эмчилгээнд ашиглаж буй вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн лиценз олгодог байдлыг болиулж, ААН-үүдтэй ерөнхий гэрээгээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэснээр ААН-үүдэд эмийн нөөц, хангамж, үнийн мэдээлэл нээлттэй болж, нийлүүлэгчээс эмийн сангууд цахимаар эмээ шууд захиалж авах боломж бүрдэнэ хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэллээ.
Мөн Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу наймдугаар сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлж байгааг онцолсон юм. Энэхүү уулзалтад орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд цахимаар оролцож байна.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
