Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байна

Огноо:

,

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас  сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал урьд өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм.Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө.

-Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед  хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж нэмэгдэж байгаа нь хяналтын камераас харагдаж байна гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш салаалсан дөрвөн гүүр, Нарны зам зэрэг газрууд замын хөдөлгөөний ачаалал өндөртэй. Мөн зах, худалдааны төвүүдийг чиглэсэн авто зам ачаалалтай байдгийг мэргэжилтэн тодотгож байлаа. Дугаарын хязгаарлалт хийгээгүй үед өглөөний 07:00 цагаас эхлээд дээр дурдсан гүүрнүүд ачаалалтай болж эхэлдэг гэнэ. Тэгвэл өнөө өглөөний хувьд гүүр төдийгүй төв замын хөдөлгөөн сийрэг байжээ. Түүнчлэн ердийн өдрүүдэд 2700-3000 удаагийн хөдөлгөөн зохион байгуулалтыг мэргэжилтнүүд хийдэг бол дугаарын ялгамжтай зорчих үед 500-600 удаа хөдөлгөөн зохион байгуулалт хийжээ.

Дугаарын хязгаарлалт нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл үргэлжилж байгаа. Хязгаарлалтаас гадуурх бүсэд ачаалал нэмэгдсэн үү гэсэн асуултад Н.Намуу хариулахдаа “Хязгаарлалтын эхлэл цэгүүдэд хөдөлгөөн зохицуулагч нар ялгалт хийж байгаа. Тэгш тоогоор төгссөн машин явах байтал сондгой тоотой машинтай зорчихыг оролдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс ялгалт хийж буй цэгүүдэд л ачаалал үүсэж байгаа болохоос бусад замууд ачаалал багатай байна. Хамгийн их ачаалалтай Нисэх, Яармагийн зам ч хөдөлгөөн багатай байгааг хяналтын камераас харж болно” гэсэн юм.

Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна. Найм хоногийн буюу богино хугацааны замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 3-ны бямба гарагийг дуустал үргэлжилнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо.  “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.

БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно

Огноо:

,

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж байна. Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг” гэлээ.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дэлгэцийн оператор Д.Сувд “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш дөрвөн ээлжээр ажиллаж, өрхүүдийн угаар мэдрэгчийг хянадаг. Өдрийн 12 цагийн хугацаанд нэг хүн 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1200–1300 дуудлага хүлээн авч ажиллаж байна. Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд их ирж байна. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа. Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог. Ингэснээр тухайн өрх угаартах эрсдэлтэй тул угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно. Угаарын хий үнэргүй, харагддаггүй тул иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Иргэд угаар мэдрэгчийн дуут дохио ирэхэд утсаа авахгүй байх, эсвэл хяналтын төвийн дугаарыг блок хийх тохиолдол гарч байна. Тиймд, иргэд 70119410 гэсэн дугаараас залгасан тохиолдолд заавал утсаа авах шаардлагатай гэдгийг анхааруулж байна” гэв.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын өрхийн зуухны инженер П.Анхбаяр “Угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай. Ихэвчлэн механик эвдрэл болон хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас угаар мэдрэгчийн гэмтэл үүсдэг. Төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр болсон.

Засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй дуудлага ирж, 2384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл, сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очин ажиллаж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.

Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.

Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.

Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.

Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе55 минутын өмнө

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ58 минутын өмнө

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм1 цаг 1 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм1 цаг 3 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ1 цаг 6 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм1 цаг 9 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе1 цаг 11 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе1 цаг 15 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм1 цаг 21 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе1 цаг 58 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох