Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээн дэх луйвар

Огноо:

,

Интернет ертөнцийг ашиглан олон байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн цахим орчинг бүрдүүлж, бизнесийн нэг талбар болгож, иргэд олон нийт зардал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай ажлаа амжуулж, онлайн хэрэгслүүдийнг өдөр тутмын хэрэглээ, амьдралын нэг хэсгээ болгожээ. 

Цахим орчин дахь Facebook, Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээ нь бидэнд олон төрлийн боломж олгодгийн адил нөгөө талаар залилан, луйвар хийх нөхцлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэлд ашиглагдаж байна. Онлайн луйврыг маш олон аргаар үйлдэж байгаа бөгөөд түгээмэл тохиолдох аргуудаас дурдвал:

Хуурамч холбоос – Олон нийтийн анхаарлыг татахуйц сэдэвт мэдээ, үнэгүй бэлэг өгөх, азтан боллоо гэх мэт утга агуулга бүхий мэдээлэл нийтлэх эсхүл хувийн чатаар илгээх болно. Уг холбоос дээр дарснаар хортой код компьютер болон гар утсанд суух боломжтой эсхүл дахин Facebook аккаунт, и-мэйл хаяг руугаа нэвтрэхийг сануулж, улмаар нэвтрэх мэдээллийг олзолдог.

Хуурамч аккаунт – Хүний профайл зургийг ашиглан, түүний нэрээр шинэ аккаунт нээж, найзууд руу нь хүсэлт илгээн, тухайн хүний өмнөөс мөнгө санхүүгийн тусламж гуйж, санхүүгийн залилан үйлддэг. Нөгөө талаас гэмт этгээдийн хуурамч аккаунтаар түүнтэй санамсаргүй найз болсноор танд итгэл үнэмшил төрүүлж, дотны найзууд мэт дүр эсгэн, таны хувийн мэдээлэл, зураг зэргийг авч улмаар тэдгээрийг барьцаалж сүрдүүлэх, олон нийтэд дэлгэнэ хэмээн айлгаж дарамталдаг;

Сугалааны луйвар – Сугалааны луйврыг ихэнхдээ олон нийтэд танил байгууллагуудын нэрээр аккаунт үүсгэн хүмүүст сугалаанд хожсон тул бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлж шагналаа авах боломжтой талаар мэдэгдэх бөгөөд банкны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсдэг;

Зээлийн луйвар – Зээлийн луйварчид нь хувийн чатаар мессеж илгээж, бага хэмжээний урьдчилгаа төлбөр хийгээд бага хүүтэй шуурхай зээл санал болгодог; 

Дээрх аюул заналд өртөж, хохирогч болохоос сэргийлж, дараах аюулгүй байдлын зөвлөмжийг хүргэж байна.

  • Нийгмийн сүлжээн дэх нэвтрэх нэр, нууц үгийг хэнд ч бүү өг;
  • Нууц үгийг үүсгэхдээ төрсөн огноо зэрэг бусдын таамаглахуйц бус тоо, тэмдэгт, том, жижиг үсэг ашиглан хүчтэй нууц үг үүсгэх
  • Хувийн аккаунтдаа 2 талт баталгаажуулалт тохируулах;
  • Үл таних нэгнээс ирэх найзын хүсэлтийг нягталж, баталгаатай хүсэлтийг хүлээн авах;
  • И-мэйл болон хувийн чатаар ирэх үг, үсэг болон дүрмийн алдаатай, сэжигтэй мэдээлэл, холбоос дээр дарахгүй байх;
  • Нийгмийн сүлжээгээр ирж буй санхүүгийн болон бусад сэжигтэй хүсэлтүүдийг шаардлагатай бол утсаар болон бусад сувгаар холбогдож лавлаж, баталгаажуулах;
  • Пост, зураг, байршил зэрэг хувийн мэдээллээ зөвхөн найзууддаа харагддаг байдлаар тохируулах зэрэг тохиргоог хийж нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдлаа хангана уу. Эс бөгөөс эдгээр нь гэмт этгээдүүдэд мэдээллийн эх сурвалж болж өгдөг;
  • Хохирогч болсон тохиолдолд цаг алдалгүй холбогдох хуулийн байгууллагад хандаарай.

Эх сурвалж: ТЕГ, Мэдээллийн аюулгүй байдлын газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.

Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох