Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав.

Үүнд:

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу тус тусын улсын үүрэг амлалтаа хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой болно. Талууд эрүүл аюулгүй орчныг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах, хуванцар бохирдолтой тэмцэх, хүнсний алдагдлыг бууруулах чиглэлд шилдэг туршлагуудыг солилцож, хамтран ажиллахаар тохиров.

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжье нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбож дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг санамж бичгийг байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд Цахим эдийн засгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав.

Тус санамж бичигт гарын үсэг зурснаар цахим эдийн засгийг хөгжүүлэх, цахим салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Энэ хүрээнд туршлага солилцох, инновацын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн арга хэмжээний үеэр хоёр талын дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:

  1. “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хөпин нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулснаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байна.

  1. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав.

Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах, макро эдийн засаг, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт болон “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачлагыг хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тус тусын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх боломжтой болж байна.

  1. “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлянь нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсантай холбогдуулан Монгол, Хятад улсын хилийн боомтын менемежментийн хамтын ажиллагааны мехнизмыг хөгжүүлэх, бусад ажлын хэсгийн уялдаа холбоог хангах зорилгоор 2014 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулав.

  1. “Хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав.

Уг санамж бичгийг байгуулснаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн  “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу барааг  хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлд чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

  1. “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав.

Энэхүү протоколоор талууд Монгол Улсаас БНХАУ-д “Үйлдвэрийн зориулалтаар  ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага”-ыг тохиролцов. Үйлдвэрийн зориулалтаар  ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь үхэр, хонь, ямаа, адууны яс, эвэр, туурай, өөх зэргийг хатаах, уураар жигнэх, өндөр даралтаар боловсруулах, өндөр даралтаар шүршиж хатаах аргаар боловсруулж гаргаж авсан техникийн зориулалт бүхий бүтээгдэхүүн буюу желатин, тос, уураг (пептон), буталсан яс, эвэр туурайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа болно.

Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм19 цаг 42 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе19 цаг 47 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе19 цаг 52 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ19 цаг 57 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе20 цаг 5 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе20 цаг 9 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм20 цаг 13 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох