Цаг үе
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтооно
НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлэг болж байна. Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан НИТХ-ын тогтоолоор 2019 оноос хойш нийт 52 хороог шинээр байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай НИТХ-ын 2012 оны тогтоолоор албан татварын хувь хэмжээг тогтоохдоо нийслэлийн газрын үнэлгээний өмнө нь мөрдөж байсан таван бүстэй уялдуулан, үл хөдлөх хөрөнгийг байрлаж буй хороодоор нь ангилан 0.6, 0.8, 1 хувь гэсэн шатлалтайгаар ногдуулахаар баталсан. Энэхүү эрх зүйн актыг мөрдөн ажиллахад шинээр нэмэгдсэн дээрх 52 хорооны хувьд албан татварыг ногдуулахад хуулийн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс дээрх тогтоолыг шинэчлэн, шинээр нэмэгдсэн хороодыг татвар ногдуулах байрлалаар нь бүсчлэн ангилж, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтоохоор тогтоолын төслийг боловсруулжээ.

Мөн аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Тодруулбал, хотын захын болон төвийн үл хөдлөх хөрөнгийн татвар адил хувь хэмжээтэй байсан. Энэ нь хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл тогтоолыг шинэчилснээр хотын төв болон захын үл хөдлөх хөрөнгийн татвар ялгаатай байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлэх нөхцөл бүрдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг нэмэхгүй бөгөөд иргэдийн орон сууцнаас татвар авахгүй.

НИТХ-ын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ” тогтоох хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 0-2 хувь байхаар хуульд өөрчлөлт орсон. Гэхдээ нийслэлийн удирдлагаас татвар төлөгчдөд ачаалал үүсгэхгүй байх үүднээс албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хуучин мөрдөж байсан хувь хэмжээг хэвээр мөрдөн, цаашид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой болгох замаар татварын суурийг өргөжүүлэх, татвар төлөгчдийг татварт бүрэн хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.
Хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 5-нд болох юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ
|
Бүсчлэл |
Үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хороогоор |
Татварын хувь хэмжээ |
|
I |
Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороо |
1.0 хувь |
|
Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25, 40, 42, 43 дугаар хороо |
||
|
Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 14, 15, 16, 17, 18, 19, 27, 29, 23, 30, 31 дүгээр хороо |
||
|
Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо |
||
|
Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11,15, 22 дугаар хороо |
||
|
Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо |
||
|
II |
Баянгол дүүргийн 20, 29 дугаар хороо |
0.8 хувь |
|
Баянзүрх дүүргийн 7, 8, 10, 11, 12, 26, 36, 37, 38, 39 дүгээр хороо |
||
|
Сонгинохайрхан дүүргийн 4, 20 дугаар хороо |
||
|
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо |
||
|
Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хороо |
||
|
Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 20, 21 дүгээр хороо |
||
|
III |
Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хороо |
|
|
Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 9, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 41, 32, 33, 34, 35 дугаар хороо |
||
|
Сонгинохайрхан дүүргийн 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 21, 22, 24, 25, 26, 28, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43 дугаар хороо |
||
|
Сүхбаатар дүүргийн 13, 20 дугаар хороо |
||
|
Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 17, 18, 19, 20, 21, 25 дугаар хороо |
||
|
Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, 19, 22, 23, 24 дүгээр хороо |
||
|
IV |
Сүхбаатар дүүргийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо |
0.6 хувь |
|
Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороо |
||
|
Налайх дүүргийн 2 дугаар хороо |
||
|
Багануур дүүргийн 1 дүгээр хороо |
||
|
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо |
||
|
V |
Налайх дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хороо |
|
|
Багануур дүүргийн 2, 3, 4, 5 дугаар хороо |
||
|
Багахангай дүүргийн 2 дугаар хороо |
Цаг үе
Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.
Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.
Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.
Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Цаг үе
Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.
"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Цаг үе
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа
НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.
Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.
-
Улстөр нийгэм2024/12/27
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зээлийн санхүүж...
-
Шударга мэдээ2025/11/19
АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжэ...
-
Шударга мэдээ2025/10/23
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ
-
Улстөр нийгэм2021/10/22
Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно
