Цаг үе
Хөгжлийн банк засаглалыг сайжруулж муу зээлийн эргэн төлөлтөд анхаарав
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд 2019 оны ажлаа тайлагнаж эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдсэн шинэчлэл, банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, бодлого, журмын шинэчлэл, ISO стандарт нэвтрүүлэлт, ханшийн эрсдлийн талаарх мэдээллийг онцлон танилцуулав.
Энэ оны эхээр Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний Аудитын газраас шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу чиг үүргийн давхардал арилгах чиглэл өгсөн. Үүнийн хүрээнд тус банк нь бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулсан байна. 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэжээ. Мөн тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулсан. Тус хэлтэс байгуулагдсанаар таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн байна. Банкны зээлийн чанарыг бууруулж буй зарим томоохон зээлдэгчдийг Засгийн газар болон хуулийн байгууллагатай хамтран төлүүлэхээр ажиллаж байна.


Тайлант хугацаанд банкны бодлого, журмын шинэчлэлүүдийг хийсэн байна. Нийт 14 бодлого, журам, зааврыг шинэчлэн батлуулсан. Үүнээс зээлийн бодлого, эрсдэлийн бодлого болон чанаргүй активыг бууруулах үйл ажиллагааны журам, зээлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулсан. Мөн ISO 9001-Чанарын удирдлага, ISO 27001-Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг банкинд нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2020 оны 1 дүгээр улиралд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны нийт актив хөрөнгө 2019 оны эхний 11 сарын байдлаар 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Банкны зээлийн багц тайлант хугацаанд 2.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт зээлийн 46.7%-ийг ам.долларын зээл, 35.8%-ийг төгрөгийн зээл эзлэж байгаа бол евро болон иений зээлийн үлдэгдэл харгалзан 10.8%, 6.7%-тай байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 (51%) тэрбум төгрөг, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107.2 (17%) тэрбум төгрөг, Уул уурхай, олборлолтын салбарт 83.8 (14%) тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113.7 (18%) тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна. Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх, эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтруу чиглүүлэн дэмжиж ирсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож үйлдвэр эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг болон найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм.

Охин компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт: МУХБ нь хөрөнгө оруулалтын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди Би Эм лизинг” ХХК-иудыг байгуулан ажиллаж байна. Тус хоёр компанийн хувьд тухайн салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалт түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК хооронд үзэглэсэн. Мөн тус компанийн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д 2019 онд эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж нийгэм эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Хөгжлийн банк, Арилжааны банкууд, орон сууц худалдан авах иргэдийн хамтарсан 570.1 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК нь Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларын амлалтыг авсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулах шатандаа ажиллаж байна. “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК-ийг 2019 оны 12 сард Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүллээ. Тус сан нь агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

“Ди Би Эм лизинг” ХХК нь Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Тус компани нь атрын 3-р аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран 20 гаруй сая ам.долларын 835 ширхэг тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгожээ. “Ди Би Эм лизинг” ХХК нь 11 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг 100.0 тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банктай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид активын чанар, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тэргүүлэх салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг төрөлжүүлэх чиглэлүүдэд чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байна.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Цаг үе2020/02/27
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
-
Цаг үе2026/05/10
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
-
Цаг үе2021/07/22
Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайхад нисдэг тэрэг ашиглана
-
Цаг үе2024/04/01
"Хүүхдийн зохиолчтой хамтдаа" өдөрлөг боллоо
