Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

Огноо:

,

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2023 оны 12 сарын 8-ны өдөр боллоо. Хурлын эхэнд мөнгөн тэмдэгт ба цахим мөнгөний талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайланг хэлэлцлээ. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг байгаа бөгөөд тогтвортой, нөөц хэвийн байна. Цахим мөнгийг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр гаргах, тэр нь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, хэрэглэгчийн анхны шаардлагаар мөнгөжих боломжтой төлбөрийн хэрэгсэл болохыг хуульчилсан. Энэ дагуу цөөхөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагууд голчлон цахим мөнгөний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Мөн Криптовалютыг зохицуулах үндэсний хууль тогтоомж одоогоор гараагүй, энэ талаар Монгол улсын хүлээн зөвшөөрсөн Олон улсын аливаа хэлцэл хийгдээгүй болохыг Монголбанкны Төлбөр тооцооны газар, Санхүү бүртгэлийн газрын удирдлагууд мэдээллээ. Тэгвэл МБХЗ-ийн гишүүдийн зүгээс улсын хэмжээнд төлбөр тооцооны 96 орчим хувь нь бэлэн бусаар хийгдэж байгаа нь эдийн засаг, мөнгө санхүүгийн оновчтой удирдлага явуулах нааштай хөрс бүрдсэнийг онцолсноос гадна иргэд, байгууллагыг хууль бус хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оролцож, хохирол хүлээхээс сэрэмжлүүлж ажиллахыг анхааруулав.

Дараа нь Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо. Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны мөнгөний бодлогыг бус зөвхөн түүний үр дүнг авч үзэх хууль эрх зүйн зохицуулалттай. Тиймээс МБХЗ нь 2023 оны хувьд инфляцыг 10 нэгж хувиас доош оруулах Монголбанкны зорилтын хүрээнд инфляц 8 хувьд хүрч буурах, улмаар он гаргаад 6 хувь руу ч ойртох байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн Олон улсын Валютын сан,  өрнөдийн зарим орнуудын мөнгөний бодлогыг сохроор хүлээж авч, бодлогын хүүг нэмдэг, удаан хугацаанд түүнийгээ барьж эдийн засгийг царцаах нь манай орны хувьд илүү сөрөг үр дүнд хүргэх эрсдэлтэй байж болохыг МБХЗ-ийн зарим гишүүд онцолж, нийлүүлэлтэд тасалдал үүсэж, үнийн буруу менежмент хийгдээд байдаг 5 хүрэхгүй барааны нөөц бүрдүүлэлтэд байнга анхаарч ажиллах, энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч хамтран ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.  Мөн Монгол Улсад нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй төсвийн зарим байгууллагын ажилтнуудаас эхлээд төрөл бүрийн давхардсан зуучлагч хүмүүсийн тоо ихэдчихсэн учраас л инфляц архаг шинжтэй болсныг арилгах учиртай. Ковидын хүнд үе, Олон улсад үүссэн зөрчил, дайн байлдаанаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, барааны тасалдал, бензин шатахууны үнэ өсөхөөс өмнө инфляцын түвшин 4-6 хувь руу ороод ирсэн тэр үеийг 2024 онд дахин харна гэсэн найдлага тээж байгаагаа ч Хяналтын зөвлөл илэрхийллээ.        

Хуралдааны дараагийн хэсэгт Монголбанкны санхүүгийн байдал, эрсдэлийн болон бусад сан, өнөөгийн байдал, цаашдын бодлого арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Монголбанк өөрийн эзэмшиж байгаа үнэт цааснуудынхаа авлагыг барагдуулахын тулд тэдгээрийг гаргагч компаниуд, баталгаа гаргасан  төр, засгийн байгууллагуудтай ойрын хугацаанд гэрээ хэлэлцээрт орж үүрэг, хариуцлагыг нь сануулж, авлагын чанарын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг, улмаар үнэт цаас эзэмшигчдийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс урьдчилан хамгаалах нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдлын зарим хэсгийг Монголбанкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Засгийн газраас нөхүүлж авах, тэдгээрийн төлбөр тооцооны хуваарийг тохиролцож ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.      

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хуралдааны төгсгөлд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Танилцуулгын эхэнд аливаа мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээгдсэнээр холбогдох гаднын талд мэдээлсэн гэж үзэж болохгүй бөгөөд тэдгээрийг нягталж баталгаажуулах ёстой, хууль, тогтоомжийн дагуу хамтран ажиллах банк санхүү, бүртгэл, хил, гааль, хууль хяналтын байгууллагатай үр өгөөжтэй, байнгын харилцаатай болж, тэдэнтэй ажил хэргийн байнгын холбоо тогтоон ажиллахыг зарим гишүүд санал болгов. Мөн цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл бүхий голлох харилцагчидтайгаа хэрхэн хамтран ажилласныг МБХЗ дараа онд жич авч үзэхээр тохирлоо. Үүнээс гадна мэдээллийг Олон улсын шаардлага, түвшинд хүргэж боловсруулахын тулд хэрэгцээтэй техник, шаардлагатай хөрөнгийг бүрэн хангуулж авах, дутуу орон тоондоо өнөөгийн трендэд нийцсэн ажлын байранд ажиллах хүмүүсийг авч сургах шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэж, Санхүүгийн  мэдээллийн албаны ажлын нааштай үр дүнг улам сайжруулж, Монгол улсаа санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь амжилт хүслээ.   

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 19-21 хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 22-ноос

2026 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтийн хойд сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангайн зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр, 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар, 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм, 24-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын өмнөд хэсгээр 0.0-3.0мм, 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 25-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна. Өнөөдөр “Гэрт ойр сургууль" болох НЕБ-ын 22 дугаар сургууль, НЕБ-ын 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. 

Х.Оюунбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатар “3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль гэж хоёр хуваан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. НЕБ-ын 22 дугаар сургууль “Гэрт ойр сургууль” бөгөөд нэгдүгээр ангийнхан хичээллэж байна. Гэрт ойр сургууль нь хүүхдийн гэрээс сургууль хүрэх зайг ойртуулж, сурах орчныг сайжрууллаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 361 хүүхэд суралцаж байна. 11 бүлэгтэй бөгөөд нэг анги 90 м.кв талбайтай ангид хичээллэдэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэв.

М.Нямдорж: Гэрт ойр сургууль эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж “Манай хүүхэд нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийнхан гэрт ойр сургуульд ахлах ангийнхнаас тусдаа үеийнхэнтэйгээ хамт хичээллэж байгаад баяртай байна. Анги танхим, сандал ширээ хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай, суралцах орчин таатай байгаа учраас олон сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүүхэд сургуульдаа явахад аюулгүй, хол сургууль руу зөөхгүй, эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна” гэлээ.

Ж.Мөнхцэцэг: Хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхцэцэг “Хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль үндсэндээ гурван байранд хичээллэж байна. Энэ байранд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гэртээ ойр учраас хүүхдийг сургуульд хүргэж өгч авахад эцэг, эхийн цагийг хэмнэж, холд замд хүүхдийг зөөж ядраахгүй, ойр амьдардаг хүүхдүүдтэйгээ нэг анги, нэг сургуульд хичээллэхээр найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг эерэг зүйлс их байна. Цэцэрлэгийн байрыг ашиглаж байгаа учраас хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн” гэсэн юм.

Д.Уламбаяр: Гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн 240 гаруй сурагч суралцаж байна

НЕБ-ын 73 дугаар сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаяр “Манай сургуулийн хичээлийн Б байр буюу гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн нийт найман бүлгийн 240 гаруй сурагч суралцаж байна. Энэ жил нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох