Цаг үе
Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр зудын (6 аймгийн 23 суманд), Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын (17 аймгийн 88 суманд) нөхцөл бүрдсэн байна.
Мөн Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Аргалант, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу (17 аймгийн 79 сум) (2 дугаар зураг) байна.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-24 м/с буюу аюултай үзэгдлийн үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1,1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, баруун болон говийн нутгийн зарим сумдын нутгаар орчим хувьд дунджаас ахиу байсан.
- МАА-н үйлдвэрлэлд мал оторлуулах, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Цаг үе2025/04/28
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замы...
-
Урлаг спорт2022/06/03
3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна
-
Цаг үе2025/09/03
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн парад /шууд/
-
Улстөр нийгэм2020/09/03
Хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэг"-ийн төвийг Чингэлтэй, Сүх...
