Улстөр нийгэм
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Мөн тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн. Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаасМонгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг судалгааны байгууллагатай хамтран хийсэн. Энэхүү судалгаагаар манай улсад хүн амзүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдол үүссэн. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн дутмаг, бүтээмж бага байна гэдэг нь харагдсан. Тиймээс эдгээр асуудалд цаашид анхаарч, хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцууллаа. Тэрбээр,
-Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэх Засгийн газрын гишүүдтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгэн ярилцах үүрэг өгөв.

Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Цаг үе2024/08/01
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
-
Улстөр нийгэм2021/03/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
-
Улстөр нийгэм2021/06/02
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэл...
-
Улстөр нийгэм2024/11/22
С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг б...
