Цаг үе
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар "2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ" гэв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гараашийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа" хэмээлээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.


Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
-
Үзэл бодол2025/02/18
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг
-
Цаг үе2020/12/02
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Шударга мэдээ2025/12/09
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй ...
-
Үзэл бодол2026/03/18
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
