Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БОХХААБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан өнөөдөр /2020.01.07/ 11 цаг 27 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсныг онцоллоо.

Эдгээр нь  зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га  болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзэлнэ гэж төсөлд дурджээ. 

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгана гэж байлаа.

Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д оруулж ирэх хугацааг тодруулахын зэрэгцээ Засгийн газарт Монгол улсын газар нутгийг аялал жуулчлал,  хөдөө аж ахуй, уул уурхайн бүс нутаг болгон төрөлжүүлэн хөгжүүлэх нэгдсэн бодлого бий эсэхийг илүүтэй лавлав.

Ноён уултай холбоотой асуудалд Улсын дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан тул энэ долоо хоногтоо багтаад Улсын Их Хуралд өргөн барихаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Засгийн газраас хариуцлагагүй уул уурхай, замбараагүй олгосон лицензийг цэгцлэх зорилгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулж, тодорхой үр дүнд хүрч байгааг гишүүдэд дуулгав. Түүнчлэн Засгийн газрын зүгээс хариуцлагатай уул уурхай, технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдийг 100  хувь дэмжиж байгааг тодотголоо. Харин иргэдийн амьдрах орчинд нөлөөлсөн, байгаль орчныг бохирдуулсан, нөөц баялгийг технологийн дагуу ашиглаж чаддаггүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохоор тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгааг дурдаад цаашдаа уул уурхайн бүс нутгаа тодорхой болгох асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байгаа талаар салбарынн сайд хариултдаа онцолсон. 

Ингээд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 өдрийн өмнө

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе1 өдрийн өмнө

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе1 өдрийн өмнө

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ1 өдрийн өмнө

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе1 өдрийн өмнө

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе1 өдрийн өмнө

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм1 өдрийн өмнө

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох