Цаг үе
Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"
Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн. Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл болох автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр автомашинаас давуу юм.
Унадаг дугуйг зориулалтаар нь уулын, спортын, жуулчны гэх мэтээр олон янзаар ангилдаг. Бид дугуй унаснаар эрүүл мэнд, амьдралдаа эерэг нөлөө үзүүлж, асар их хэмжээний ашиг тусыгөөртөө болон хүрээлэн буй орчноосоо мэдрэх болно. Бүх насныхан дугуй унах тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд ач тустай.
Унадаг дугуй унах нь эрүүл мэндэд дараах ач тустай.
1. Дугуй унах нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Цэвэр агаарт дугуй унаснаар уушиг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэдэг.
2. Биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, нурууны булчинг чангалж өгдөг. Суудлын өвчтэй болон ташаа, өвдөг, үе хэсгээр гэмтэлтэй бол дугуй унах нь хөнгөн маягийн эмчилгээ болдгоороо давуу талтай.
3. Дугуй нь унах нь гүйхээс дутуугүй калори шатаадаг ба хэрэв суудал дээрээ биеэ цэх, гэдгэр байлгаж, зөв хийвэл хэвлийн булчинг ч чангалж өгдөг. Жин хасах зорилгоор дугуй унах гэж байгаа бол жирийн үеийнхээс хурдасгаж, дөчин таван минутаас илүү унаж байх ёстой .
4. Бодисын солилцоо сайжирснаар ходоод эрүүл байж, тэр хэсгийн өөхлөлт багасгаж, урт наслахад тань туслана.
5. Дугуй унах нь сэтгэл санаа тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
6. Дугуй унах нь дархлааг дэмжиж хорт хавдраар өвдөх магадлал эрсдэлийг бууруулна. Амралт бас бяцхан аялал болж өгнө. Эрч хүч нэмэгдэнэ.
Анхаарах зүйлс:
- Өөрт тохирсон дугуйг сонго
- Хэрвээ та дугуй унах гэж байгаа бол эхлээд зайлшгүй бүрэн бүтэн байдлыг шалга.
- Хамгаалалтын малгай өмсөж хэвших ингэснээр тархины гэмтлээс өөрийгөө та бүрэн хамгаална.
- Хэрвээ та дугуй унаж сурах гэж байгаа бол аль эсвэл удаан хугацаагаар унаагүй удсан тохиолдолд засмал шулуун замд булчингаа дасгаж, аажимаар унаж эхлээрэй.
- Хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэйхэн хувцас сонгох.
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Цаг үе2020/07/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2025/05/21
Хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна
-
Цаг үе2025/11/06
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
-
Улстөр нийгэм2021/04/30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуули...
