Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран өнөөдөр (2020.01.09) “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт удирдан явууллаа.

Тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн хуралдаан 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан нийт 28 удаа хуралдсан. Үүнд “хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах” ажлын хэсэг 7 удаа, “цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах” ажлын хэсэг 21 удаа тус тус хуралдсан. Энэ хугацаанд ажлын дэд хэсгийн гишүүд Үндэсний хөгжлийн газар болон Барилга хот байгуулалтын яаман дээр тус бүр 2 өдөр “вакуумжиж” ажилласан. Ажлын хэсгийн гишүүд улс орны хэмжээнд хэрэгжиж буй оновчтой шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах ажлын хүрээнд “Майдар” төсөл, “Таван толгой түлш”, Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрүүд, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зорилго бүхий “Сервис центр” төсөл, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлсэн “Mегавүүд” зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. 

Ажлын хэсэг дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” болон салбар тус бүрийн төрөөс баримтлах бодлогыг үндэслэн холбогдох яамдаас тус бүр 3 удаа санал авч нэгтгэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах замаар төсөлд тусгагдсан үйл ажиллагаа тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийн схемийг Сангийн яам нэгтгэн боловсруулсан” гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар, дагуул хотууд, Хот байгуулалт, Бүсчилсэн хөгжил ба хөдөө орон нутаг, дэд бүтцийн хөгжил, Аж үйлдвэржилт гэсэн үндсэн таван чиглэлд 20 зорилт дэвшүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү зорилтот хөтөлбөрийн үндсэн зорилго оршиж байгааг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгадаа дурдав.

Уг хөтөлбөрийг 2021-2030 онд хэрэгжүүлэхэд нийт 66,968.9 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 10,550.6 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 24,510.6 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 8,793.8 тэрбум төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 21,828.5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкаар 912.9 тэрбум төгрөг, Засгийн газрын тусгай сангаар 271.6 тэрбум төгрөг тус тус зарцуулагдахаар байгааг тэрбээр танилцуулав.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгасан байдал”, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тусгасан байдал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн шинэ бүтээн байгуулалтад тусгагдсан Улаанбаатар хот метро, Сервис центр, Дагуул хаяа хот, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, Сумын хөгжлийн хөтөлбөр, Тэнгэрийн тойрог зэрэг томоохон төслүүдийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм. 

Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байдаг.  Энэхүү хөтөлбөр батлагдсанаас хойших 19 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд багагүй ажлуудыг хийсэн хэдий ч улс орны хөгжлийг хангах хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл бүрэн хангагдаагүй байна.   

Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг цаашид анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм. Мөн шинээр боловсруулсан хөтөлбөрийг тунхаглал төдий үлдээхгүй, ажил хэрэг болгох хэрэгтэйг сануулж байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг ч хөндөж байв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.

Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Огноо:

,

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна.

Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм.

Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул  улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр хүчин чармайлт нь нэгэн чухал зүйлийг тодорхой харуулж байна: улаанбурхан өвчний эсрэг вакцин үр дүнтэй. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, тархвар судлал болон лабораторийн тандалтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлж, судлах, эмнэлзүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлсэн.

ДЭМБ-ын зүгээс энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.

Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан. Гэсэн хэдий ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд  хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.

Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн цаашид хүрсэн ололт, амжилтаа  бататгах үүрэг амлалтандаа бат зогсохоо дахин мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэг хүчний ерөнхий камондлагч хэмээх эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хууль доор хүн бүр тэгш эрхтэй байна.

Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

Гадаад харилцаа бэхжиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй. Олон улсын түвшин хамтын ажиллагаа сайжруулсан.

Дэлхий түвшинд Монгол Улсын хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжиж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх. Би 17 настай байхдаа цэрэг болж эх орондоо тангараг өргөж байсан. Би офицер хүн. Худлаа ярьж хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан. Үүнийг ч ард түмэн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Энэ ажилласан хугацаандаа ард түмэн болон төр засгаас хулгай хийж байгаагүй. Харин хулгайд алдсан үйлдвэр орд газрыг эх орондоо авч ирсэн. Тухайбал, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Тос тосон бумбын орон, Тарвагатай орд, Ноён уул бусад алдагдсан байсныг бүгдийг авч өнөөдрийн баялагийн сангийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орондоо төлөө зүтгэж ажилласан” гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох