Улстөр нийгэм
Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэсэн талаар Д.Ганболд гишүүн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авав. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарласан. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. Эрүүгийн хууль бол материаллаг хэм хэмжээ бөгөөд үүн дотроо процессын цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь “хөөн хэлэлцэх тоолох аргачлал” юм байна. Үүнтэй холбоотойгоор процессын хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн төсөлд тусгасан гэв. Төслийн агуулга, зохицуулалттай төстэй бусад улс орны жишээ олон бий гэдгийг мөн тэрбээр дурдсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 59.5 хувь нь дэмжиж санал өгснөөр хуулийн төсөл батлагдав.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
