Улстөр нийгэм
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодтой цахим хурал хийж, заавар, чиглэл өгөв
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ.
Цахим хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой заавар, чиглэл өгч, мэдээлэл солилцов.
Санал авах ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой “Санал авах ажиллагааны заавар” гарын авлагыг 2198 хэсгийн хороонд хүргүүлж, цахимаар удаа дараа чиглэл хүргүүлснийг хурлын эхэнд онцлов.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын дараах заавар, чиглэл өглөө.
Бэлтгэл ажиллагааны хүрээнд:
- Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 23 мянган төрийн албан хаагч санал тэмдэглэх зааврыг боломжит бүхий л хэлбэрээр түгээх, сонгогчдыг мэдээллээр хангах;
- Санал авах байр, өдөр, цагийг нийтэд сайтар мэдээлэх;
- Өөрсдийн нутаг дэвсгэр дэх хэсгийн хорооны сонгогчдын тоо, хэсгийн хорооны байршил, холбоо барих утасны жагсаалт, болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонгогч иргэд болон ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхөд бэлэн болгон бэлтгэх;
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улсын 21 байгууллагын 259 ажиглагч ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Ажиглагчдыг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
- Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж үер, усанд автах эрсдэлтэй хэсгийн хороодын байршлын судалгааг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллах;
- Цахилгааны саатал гарч болзошгүй тул цахилгааны эх үүсвэр моторыг бэлдэх;
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авах тул харьяалагдах нутаг дэвсгэрээс өөр газарт очиж санал авахгүй байхыг анхаарах;
- Тухайн хэсгийн хороонд ажиглагчаар ажиллахаар бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарын хуульд заасан эрх үүрэг, сонгуулийн санал авах өдөр хэрхэн ажиллах талаар заавар өгөх талаар хэсгийн хороодын дарга нарт чиглэл хүргүүлэх.
Санал авах байранд санал анхаарах асуудлын хүрээнд:
- Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх боломжоор хангах (мандат шаардахгүй, ажлын үнэмлэхээр нэвтрүүлэх);
- Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ажиллах;
- Хэсгийн хорооны ажилтнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтах, туслах ажилтан бэлдэх;
- Санал авах байранд сонгогчдод зориулсан санал тэмдэглэл заавар, сонгогчийн үүргийн талаарх мэдээллийг байршуулах;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал тэмдэглэх бүхээгт брайль хавтас, томруулсан шил, саналын хуудас гулсуулахгүй байх зорилготой ширээний хулдаасыг байршуулах;
- Санал авах ажиллагаатай холбоотой гарч буй асуудлыг шийдвэрлэж буй тэмдэглэлийг тухай бүрд нь үйлдэж баталгаажуулах;
- Хяналтын тооллого хийж байх явцад санал авах байранд ажиглалт хийх иргэдийг дарааллын дагуу оруулах.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
