Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 65.9 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр танилцуулав.

Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь 27-ны өдрийн 10 цаг хүртэл сунгасан. Завсарлагын хугацаа ийнхүү дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, С.Бямбацогт гишүүний гаргасан горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 100 гишүүний 79 нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь сунгуулж өнөөдрийн 10 цаг болгосон. Ийнхүү Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн завсарлага дууссан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төсвийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд, мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн болохыг Л.Заяабал гишүүн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн, ажлын хэсгээс төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал шилжүүлэх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах, төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй уялдуулан төсөл, зардалд өөрчлөлт оруулах болон найруулгын шинжтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т “Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу холбогдох дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байна.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед завсарлага авч, өчигдөр дууссан завсарлагын хугацааг сунган 27-ны өдрийн 10.00 цаг болгосон. Тус бүлгийн завсарлага ийнхүү дууссан талаар Улсын Их Хурлын дарга мэдэгдээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцуулав.

Тус Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, зүйл бүрээр хэлэлцсэн байна. Түүнчлэн  дээрх төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газарт хүсэлт гаргасны дагуу эдгээр төслүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай танилцсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, П.Ганзориг, П.Сайнзориг, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга болон Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 13 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Энэ үеэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцдог. Энэ дагуу хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоолууд батлагдсан. Ийнхүү Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үдээс өмнөх чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэсэн болохыг тэрбээр дурдав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5442 төсөвт байгууллага, 619 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 370 төрийн сан, 295 төсөл, сан, нийт 6726 байгууллагын тайланг нэгтгэсэн байна.

Боомтын сэргэлтээр 2022 оны сүүлийн хагаст бий болсон нүүрсний экспортын сэргэлтийг хадгалж, дэлхийн зах зээлд буурч байсан түүхий эдийн үнийн бууралтыг ил тод, нээлттэй өрсөлдөөнт биржийн арилжаанд шилжүүлсэн нь уул уурхайн салбар, түүнийг дагасан газар, худалдаа, үйлчилгээний салбарыг эрчимжүүлж, ДНБ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 их наяд төгрөг буюу төлөвлөгөөнөөс 14.4 хувиар давж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувь буюу төлөвлөгөөнөөс нэг пунктээр өссөн гэв.

Монгол Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 5.9 ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өсөж 15.2 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 36.8 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн болохыг танилцуулгад дурдсан.

Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын хүрээнд экспортод гаргах нүүрсийг нээлттэй, цахим арилжаагаар хийж, хилийн үнээр борлуулж боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар 2022 онд 0.7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөцийн эцэст оны эцэс 4.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 44.7 хувиар өссөн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан болохоо Сангийн сайд тэмдэглэж байв.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 16.1 их наяд төгрөг, зарлага 16.1 их наяд төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 5.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2023 оны нүүрсний экспортын хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс 19.6 сая тонноор, өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдүүлж 69.6 сая тоннд хүргэсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлсэн байна.

Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдээ дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, төрийн албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг 39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 32.7 хувь, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 69.2 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Улмаар олон шатлал бүхий, харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй цалингийн тогтолцоог адил үнэлэмж бүхий нэг шатлалтай болгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өнөөгийн цалин хөлсний түвшинтэй жишиж ойртуулах итгэлцүүрийн суурь он 2011 он байсныг 2022 он болгож шинэчлэн тогтоосон байна. Энэ итгэлцүүрийг ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг шийдвэрлэснээр тэтгэвэр авагч ахмадуудын орлогын баталгаа сайжирч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулсан хэмээн үзжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох, орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчийнхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгосноор тайлант онд 35.1 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдэл олгосон аж.

Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зохистой удирдаж зарцуулсантай холбогдуулан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагаас бусад байгууллагын 23602 албан хаагчид 25.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1143 төсөл арга хэмжээний шинээр 10 төсөл арга хэмжээний 0.5 их наяд төгрөг өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 1129 төсөл арга хэмжээнд 2.1 их наяд төгрөг, концессын эргэн төлөлтөөр 4 төсөл арга хэмжээнд 0.2 их наяд төгрөг олгосноор гүйцэтгэл 93.8 хувийн биелэлттэй байгаа гэлээ. Эдгээр төслийг гүйцэтгэсэн 1460 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж 40.9 мянган ажлын байрыг хадгалж 2.8 их наяд төгрөгийн санхүүжилтээр эдийн засгийг дэмжсэн байна аа. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа зардал тавих хяналтыг сайжруулан санхүүгийн сахилга батыг мэдрүү мөрдүүлснээр 2023 оны төсвийн жилд 122,8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэж өмнөх оноос 39.4 тэрбум төгрөгөөр өссөн болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Сангийн сайдын энэхүү танилцуулгаар өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 18 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе15 цаг 23 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе15 цаг 28 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ15 цаг 33 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе15 цаг 41 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе15 цаг 45 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм15 цаг 49 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох