Шударга мэдээ
Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ энэ сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлстийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцлоо.
Тус уулзалтад 400 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Уулзалт арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ. Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг дэвшүүлж, хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгахдаа хүн төвтэй хот болох, цаашлаад хүндээ хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна.
Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийслэлд Сургууль цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон. Төр засаг, нийслэлээс сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, нэмэгдүүлэх ажлыг шат дараатайг хэрэгжүүлсээр байх болно. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол хүүхэд багачуудын соёл, хүмүүжлийн ажил юм. Багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ тэдэнд соёл хүмүүжил, сахилга хариуцлагыг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Хотын даргын хувьд олон газраар явж байхад явсан газар бүхэнд ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсон байна. Бидэнд хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ёсзүй, ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Нийслэлийн засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хүрээнд бүрэн дунд сургуулиудад хэрэгжих "Хотын соёл" мэдээллийн цагийн агуулгыг боловсролын салбарын байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

Үүний дараагаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Хотын даргад хандан асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ. Тухайлбал,
“Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан: “Шинэ оны анхны уулзалтаа боловсролын салбарынхантай хийж байгаад баяртай байна. Хотын дарга тавьсан илтгэлдээ хариуцлага ёс зүйн асуудлыг хөндлөө. Хүүхдийн сургалт хүмүүжлийг хамтатгаж соёлтой боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн хотын даргын гаргасан санаачилгатай санал нэг байна. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон боломж нөхцөл, бодлого үзэл баримтлалдаа нийцүүлээд зохион байгуулах хэрэгтэй. Хүүхэд бүр багаасаа сурч төлөвшиж байж соёлтой боловсролтой Монгол улсаа авч явах иргэн болно. Тиймээс Хотын даргын санаачилгыг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд бүрэн дэмжиж байна” гэв.
СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал: "Хотын соёлыг бий болгоход хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх наснаас нь анхаарч зөв монгол хүн болгоно. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн зөв хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл соёлжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролыг хэтэрхий их анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал байдаг.Тиймээс цаг хугацаа алдахгүй хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг эхлүүлж байгаад Хотын дарга санаачилж эхлүүлж байгаад талархалтай байна" гэв.

Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас Хотын даргад хандан хүүхдийн үдийн цай чанар, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай, цэцэрлэгийн хүнс хариуцдаг байгуулагын үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа тухай, сургуулийн орчмын тохижилтын ажлыг сайжруулах, багш ажилчдын цалин хангамжийн аргачлалыг оновчтой болгох зэрэг асуултуудыг заалнаас асууж, мөн бичгээр 50 гаруй асуулт ирүүлсэн байна.
Хотын дарга С.Амарсайхан багш, удирдах ажилтнуудын тавьсан асуултуудыг холбогдох газар уламжлан шийдвэрлэх тухайгаа хэлсний зэрэгцээ "Сурагчдын үдийн цайтай холбоотой гомдол бидэнд ирж байгаа. Хүүхдийн үдийн цай бол зарим хүмүүсийн харж байгаа бизнес биш. Үдийн хоолноос хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хамгийн сайн чанартай хоол, цайг бид хүүхдүүдээ өгч чаддаггүй юмаа гэхэд тэдэндээ ядаж, эрүүл аюулгүй, цэвэр орчинд бэлтгэгдсэн, нас биений онцлогт тохирсон илчлэг, амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх тал дээр анхаарах ёстой. 2020 оны 1 сараас хүүхдийн үдийн цайны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг Засгийн газраас 50 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн хангалттай зардал биш гэдгийг ойлгож байна. Нэмэгдэж байгаа зардлыг хүүхдийн эрүүл мэндэд тустай амин дэм, тэжээллэг чанарт хүрэхүйц хоол хүнсний бүтээгдэхүүн авалгүйгэр хэн нэгэн даргын халаасанд орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа" гэлээ.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
Шударга мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.
Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж.
Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.
Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Шударга мэдээ2021/12/27
Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2022 онд тэмдэ...
-
Цаг үе2020/12/21
Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа
-
Улстөр нийгэм2026/02/11
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
-
Улстөр нийгэм2020/09/14
БШУ-ны сайд Дархан-Уул аймагт ажиллаж байна
