Цаг үе
Төрийн банкныхан 15 жилийн ойгоо угтан бяцхан Зүрхнүүдэд амьдрал бэлэглэлээ
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкны хамт олон үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4000 гаруй ажилтныхаа дунд “Өгөх өдөр” хандивын аяныг зохион байгуулж цугларсан 50,555,000 төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлалаа.
Тэдний амьдрал бэлэглэсэн бяцхан зүрхнүүдийн нэг төлөөлөл нь П.Дөлгөөнзаяа охин юм. Тэрээр “Зүрх мартахгүй” төслийн багийн хамт олон Баянхонгор аймагт үзлэг хийхээр очих үед оношлогдсон бөгөөд яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод ирж эмчлүүлэн, хагалгаа амжилттай болж дахин нэг гэр бүлийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.
Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд 1000 орчим төрдөг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна яаралтай мэс засалд орох шаардлагатай байдаг аж.
“Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн багийнхан хамтран Монгол орны өнцөг булан бүрд мөн ОХУ, Тува, Афганистан улсын төрөлхийн зүрхний гажигтай хүмүүсийг үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд хагалгаанд оруулж энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа олон улсын шинж чанартай болгон цар хүрээгээ жилээс жилд өргөжүүлэн тэлж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тэд дотооддоо болон хилийн чанадад 90,000 километр замыг туулан 40,322 хүнд эмчийн үзлэг үнэгүй хийж, нийт 1280 гаруй зүрхийг авраад байна.
Банк санхүүгийн салбарынхан тэр дундаа Төрийн банкныхан өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 онд “Зүрх мартахгүй” төсөлд хандив өгч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байсан бол энэ удаа 15 жилийн ойгоо тохиолдуулан орон даяарх салбар нэгжийн бүх ажилтан тус аянд оролцсоноороо онцлог болжээ.
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад манлайлагч болохын хувьд 2022 оноос
“Эрүүл иргэн” хадгаламж, картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах дадалд суралцуулах зорилго тавин ажиллаж буй. Цаашид Тогтвортой хөгжлийн томоохон зорилтуудын нэг болох Эрүүл мэндийг дэмжих, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэн бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах тал дээр олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 19-21 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 22-ноос
2026 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтийн хойд сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангайн зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр, 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар, 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм, 24-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын өмнөд хэсгээр 0.0-3.0мм, 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 25-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
Цаг үе
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна. Өнөөдөр “Гэрт ойр сургууль" болох НЕБ-ын 22 дугаар сургууль, НЕБ-ын 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа.
Х.Оюунбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатар “3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль гэж хоёр хуваан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. НЕБ-ын 22 дугаар сургууль “Гэрт ойр сургууль” бөгөөд нэгдүгээр ангийнхан хичээллэж байна. Гэрт ойр сургууль нь хүүхдийн гэрээс сургууль хүрэх зайг ойртуулж, сурах орчныг сайжрууллаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 361 хүүхэд суралцаж байна. 11 бүлэгтэй бөгөөд нэг анги 90 м.кв талбайтай ангид хичээллэдэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэв.
М.Нямдорж: Гэрт ойр сургууль эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж “Манай хүүхэд нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийнхан гэрт ойр сургуульд ахлах ангийнхнаас тусдаа үеийнхэнтэйгээ хамт хичээллэж байгаад баяртай байна. Анги танхим, сандал ширээ хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай, суралцах орчин таатай байгаа учраас олон сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүүхэд сургуульдаа явахад аюулгүй, хол сургууль руу зөөхгүй, эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна” гэлээ.
Ж.Мөнхцэцэг: Хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхцэцэг “Хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль үндсэндээ гурван байранд хичээллэж байна. Энэ байранд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гэртээ ойр учраас хүүхдийг сургуульд хүргэж өгч авахад эцэг, эхийн цагийг хэмнэж, холд замд хүүхдийг зөөж ядраахгүй, ойр амьдардаг хүүхдүүдтэйгээ нэг анги, нэг сургуульд хичээллэхээр найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг эерэг зүйлс их байна. Цэцэрлэгийн байрыг ашиглаж байгаа учраас хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн” гэсэн юм.
Д.Уламбаяр: Гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн 240 гаруй сурагч суралцаж байна

НЕБ-ын 73 дугаар сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаяр “Манай сургуулийн хичээлийн Б байр буюу гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн нийт найман бүлгийн 240 гаруй сурагч суралцаж байна. Энэ жил нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
