Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

УИХ: Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

Огноо:

,

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Цаг уурын байгууллагын мэдээллээр төв, зүүн аймгуудын ихэнх нутагт агаарын температур өмнөх жилүүдээс хүйтэн, цас их орж, 2024-2025 оны өвөл, хавар хүндэрч болзошгүй төлөвтэй байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр, 2024 онд улсын хэмжээнд 15.4 сая толгой төл хүлээн авч бойжуулж, энэ өвөл нийт 189.2 мянган малчин өрхөд 60.2 сая мал өвөлжихөөс, 17.7 мянган малчин өрхийн 7.3 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохицуулалт хийж байна гээд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу боловсруулсан аргачлалын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн гэв.

Түүнчлэн газар тариалангийн салбарт 2024 онд улсын хэмжээнд 94.9 мянган га-д малын тэжээл тариалж, 246.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан. Үр тарианаас 50.0 мянган тонн улаанбуудай тэжээлийн будаа руу шилжиж 2024-2025 оны өвөл, хавар мал аж ахуйн салбарт 289.8 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байна. Мөн тэжээлийн импорт хэвийн буюу 2024 он гарсаар 71.2 мянган тонн орж ирснээс 06 дугаар сарын 01-нээс хойш 35.9 мянган тонн орж ирсэн нь өвөлжилтийн бэлтгэлд хэрэглэгдэж байна гэж мэдээлэлдээ дурдсан.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86.7 хувьтай хангагдаад байна. Гэвч энэ нь эрсдэлгүй бөгөөд хангалттай гэсэн баталгаа биш. Учир нь цас, зудны нөхцөл хэрхэн хүндэрч, хэд хоног үргэлжлэхээс нөхцөл байдал ихээхэн хамаарна гэдгийг Монгол Улсын Шадар сайд мэдээлэлдээ онцлов. 

Түүнчлэн уг мэдээлэлд, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 65 зуух, 45 турбогенератор ажиллаж, системийн горим, ажиллагаа хэвийн байгааг дурдахын зэрэгцээ Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголоор нийт 131 тэрбум төгрөгийн татаасыг шийдвэрлүүлсэн бөгөөд санхүүгийн дэмжлэгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийг бүрэн хангах, нүүрс, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх, импортын эрчим хүч худалдан авах, тарифын алдагдлыг бууруулах, бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулах, компанийн санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулахаар шийдвэрлэсэн хэмээн дурджээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй холбоотой бэлтгэн нийлүүлэгчид үүссэн өр, төлбөрийг барагдуулахад 58.3 тэрбум төгрөг, нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, эрчим хүчний компаниудаас нүүрсний уурхайд төлөх хугацаа хэтэрсэн өр төлбөр болон нүүрс олборлолтын бодит өртгөөс бага тогтоосон үнийн зөрүүгээс 9, 10 дугаар сард үүсэх алдагдлыг арилгахад нийт 32.0 тэрбум төгрөг, импортын эрчим хүчний тарифын зөрүүгээс үүсэх алдагдал, өр төлбөрийг барагдуулахад 16.5 тэрбум төгрөг, зарим компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өглөгийг барагдуулахад 3.9 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 2025 оноос төсвөөс татаасгүй ажиллах зорилтыг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иудын богино хугацаат өр, төлбөрийг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхтэй холбоотойгоор 4.5 тэрбум төгрөг, компани бүрийн үйл ажиллагааны онцлогоос хамаараад бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд 14.0 тэрбум төгрөг тус тус хуваарилан шийдвэрлэлээ. Дээрх тушаал, шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болгон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар нийт 27 төрийн өмчит үйлдвэр, компаниудад 125.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлээд байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцолж байлаа.

Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй бөгөөд гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах төлөвтэй байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээсэн.

Түүнчлэн тэрбээр “Тавантолгой түлш” ХХК нь 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 93.0 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн 38 агуулахад болон үйлдвэрийн нөөцийн талбайд 82,408 тонн шахмал түлшний нөөцтэй, үндсэн түүхий эд болох миддлинг 198.2 мянган тонн, барьцалдуулагч 9.4 мянган тонн, шуудай 20.0 сая ширхэг нөөцтэй үйлдвэрлэл хэвийн явагдаж байна гээд салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 2024 онд нийт 62 ажил төлөвлөснөөс бүрэн дууссан 57 ажил, хэрэгжих шатанд 5 ажил, дунджаар 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн мэдээлэл танилцуулсан.

Мөн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд 44821 ажилд 42.3 тэрбум төгрөгийг зарцуулаад буйг мэдээлэлд дурдахын зэрэгцээ салбарын өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээлэл өгсөн.

Орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн 34 байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажилд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 19.6 тэрбум төгрөг зарцуулан төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн 66 байгууллага байгаагаас 4 орон нутгийн өмчит, хувийн орон сууцны ашиглалтын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 22.7 тэрбум төгрөг зарцуулан 43638 нэр төрлийн ажилд биелэлт хангагдан Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдлаа.

Дараа нь мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж, АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Уг дүгнэлтэд, энэ мэдээлэл тайлан нь бүхэлдээ аймаг, сумын засаг даргын хэмжээний ажил, статистикийн байгууллагын тоон үзүүлэлт, салбарын яамны хэлтэс газрын мэргэжилтний улирлын тайлан төдий, нэг удаагийн гал намдаах агуулгатай байгаа нь тун хангалтгүй байна гэж Ардчилсан намын бүлгээс үзэж байна гэсэн байв. Мөн Засгийн газраас жил бүр давтагддаг “асуудал”-ын эх үүсвэр, шалтгааныг арилгахад анхаарах бус “өвлийг л давчихвал...” гэх хандлагаар аргацаасан байдлаар хандаж ирсэн нь хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг ийм эрсдэлийн хэмжээнд хүргээд байгааг О.Цогтгэрэл гишүүн дүгнэлтдээ онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, уг мэдээллээс харахад, хөдөө аж ахуйн салбар 86.7, эрчим хүчний салбар 94, орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд 93 хувийн гүйцэтгэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэлийг хангасан нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  дунджаар 91.2  хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэхээр  байгаа ч тоон үзүүлэлт нь эргэлзээ төрүүлж байна гэв. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тусгасан талаар дурдаагүй, шинжлэх ухааны үндэслэлтэй бус, бодлогын шийдэл болохуйц биш дутмаг төлөвлөгөө болжээ хэмээн дүгнэснийг А.Ундраа гишүүн хэлэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын М.Нарантуяа-Нара үг хэлсэн. Тэрбээр, өвөлжилт хаваржилтийн бэлтгэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлогод Иргэний зориг ногоон намаас санал дэвшүүлж буйг онцлов. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг зуншлага, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн талаар мэдээлж ярихаас илүүтэй нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд бодлого боловсруулж ажиллах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг яаралтай хийж, ногоон эрчим хүч рүү шилжих, эл салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар санал хэлж байлаа. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, П.Батчимэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, хариулт авсан.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариулт үргэлжлэв.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нар цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улсын төсвөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаас, дэмжлэг малчдыг зудын эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болж буй эсэх, нөөцийн мах бэлтгэл, үнийг тогтвортой байлгах талаар, дулааны цахилгааны станцуудын нүүрсний нөөц хэр бүрдүүлсэн зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилсан.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Азжаргал хариултдаа, Өнгөрсөн хугацаанд  нийтдээ 68500 орчим малчид  уг хоршооны гишүүнээр элсэж, 17000 малчин  558 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан гэдгийг дурдаад “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлд хамрагдсан 17000 малчин өвлийн болзошгүй эрсдэлийн бэлтгэлээ хангасан гэсэн дүгнэлт гарсан хэмээв.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн салбарт малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад тодорхой арга хэмжээ авч байгаа. Улсын хэмжээнд 16 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо гарсны 10 орчим сая нь дотоодын хэрэгцээнд,  6 сая нь экспортод гаргахаар төлөвлөсөн. Мах экспортлох орны тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Мөн  21 аймгийн түвшинд Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн идэш арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна гэж хариулт өгсөн юм.

Мөн тэрбээр хөдөө аж ахуйн салбарт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хүрээнд арилжааны банкны эх үүсвэрийг ашиглаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудалд Засгийн газрын зүгээс хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас дээр дэмжлэг үзүүлдэг. Энэ салбарт ямар нэгэн  халамжийн бодлого байхгүй. Харин малчид руу чиглэсэн сүү, ноос, арьс ширний урамшууллыг үргэлжлүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Харин ажлын хэсгээс, нийслэлийн хүн амын 2024-2025 оны өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд 5500-6000 мянган тонн мах бэлтгэх тооцоо гаргасан. Нийслэлийн 2025 оны төсөвт 7.9 тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг суулгах ажлыг зохион байгуулж байна хэмээн хариулж байлаа.

Түүнчлэн Эрчим хүчний яамны Хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох, Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд 15-22 хоногийн нүүрсний нөөцтэй буюу өвлийн горимдоо орон ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр өнгөрсөн жил болсон байгалийн гамшгаас салбарын яам ямар сургамж авч түүнийгээ өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөндөө тусгасан эсэх талаар, малын индексжүүлсэн даатгалд салбарын яамны баримтлах бодлогыг тодруулахын зэрэгцээ зудын гамшиг нүүрэлбэл иргэдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр тодорхой арга хэмжээ авах эсэх талаар тодруулсан иргэдийн асуултыг уламжилсан. Мөн тэрбээр, малын индексжүүлсэн даатгалын асуудалд салбарын яам дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай гэв.    

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хэсэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явдал тулгамдсан асуудал болдог. Өнгөрсөн жил улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хөдөлгөөнт багуудыг зам даваа хаагдсан бүс нутаг, айл өрхүүд рүү хүргэж ажилласан. Үүний хажуугаар сумын Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нарыг дайчлан ажиллуулах зэргээр цасанд боогдсон, зудад нэрвэгдсэн, айл өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэсэн гэв. Мөн цаашдаа цасанд боогдож, зудад нэрвэгдсэн бүс нутагт нөхцөл байдлыг нь үнэлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсролын салбарт шаардлагатай зохицуулалт хийх асуудалд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм22 цаг 11 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе22 цаг 16 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе22 цаг 21 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ22 цаг 26 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе22 цаг 34 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе22 цаг 39 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм22 цаг 42 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох