Цаг үе
Төрийн банк биржийн бус зах зээлд "Ногоон ирээдүй" бонд гаргалаа
Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд анх удаагаа “Ногоон ирээдүй” бонд гаргаж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Уг бонд нь дотоодын биржийн бус зах зээлд гаргаж буй анхны Ногоон бонд гэдгээрээ онцлог бөгөөд Банкны тогтвортой хөгжлийн зорилт, тогтвортой санхүүжилтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын эхлэл болж буй юм.
“Төрийн банк” ХК нь энэхүү бондыг Монгол улсын ногоон таксономи болон банкныхаа Тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон шалгуурыг хангасан ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд цаашид бид Тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг ёслолын үеэр дурдлаа.
"Ногоон ирээдүй” хаалттай бондын Андеррайтераар БиДиСек ҮЦК ажилласан төдийгүй тухайн бондын санхүүжилт нь хөрөнгө оруулагчид өрсөлдөхүйц өгөөж, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломжийг бий болгосноороо давуу талтай юм.
Монгол улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын зорилтуудтай уялдсан нэгдмэл, олон талт хамтын ажиллагааг хангасан, тогтвортой санхүүгийн системийг 2030 он хүртэл хөгжүүлэх, ингэснээр бүс нутагтаа тогтвортой санхүүгийн мэдлэг, манлайллын төв болох зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2022 онд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж, 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилтыг тавьсан.
Мөн энэ онд Монгол Улсын Засгийн газраас Төрийн банкийг ногоон хөгжлийг дэмжигч банк болгон зарласан бөгөөд тус банк нь үндэсний хэмжээний зорилтыг хэрэгжүүлэхээр “Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого”-ыг шинэчлэн батлуулж банкныхаа ногоон зээлийн багцыг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.
"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Цаг үе
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа
НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.
Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долоодугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 30-наас
2026 оны наймдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8 сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
