Улстөр нийгэм
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Монгол Улсын Их хурлын 2024 оны арванхоёрдугаар сарын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнх-Соёл танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав.
Улмаар дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Дээрх ажлын хэсгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгон шалгаруулахаар зохицуулсныг хасах, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ил тод, үр ашигтай, санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч болон зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад тусгаж байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг гарган ирүүлсэн.
“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Засгийн газарт өгөхөөр саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг бүх Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж болно, тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүнийг үндэсний аудиттай адилтгаад олон улсын аудитын байгууллагаар хийлгэх заалтыг давхцаж байна гээд хассан байна. Төрийн өмчит компаниудын реформыг хийхэд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар хийлгэх нь чухал ач холбогдолтой. Мөн Тиймээс энэ заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ.
Түүний дараа 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Эхлээд Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал бүрийг хэлэлцэн шийдвэрлэв.
Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайныг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө гэсэн найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгээс “Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэснийг хасах гэсэн саналыг дэмжихгүй байр суурийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.
Тэрбээр, 122 төрийн өмчийн компани ажиллаж байна. Олон улсын аудит оруулж, нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлэх заалтыг хасаж байгааг дэмжихгүй байна. Нэн ялангуяа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудад олон улсын аудит оруулж, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн анхны төслөөр нь буюу олон улсын аудитын байгууллагаар аудит оруулж болно гэсэн заалтыг хэвээр үлдээхийг хүсэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, дээрх заалт хуульд байсан эсэхээс үл хамааран олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар аудит хийлгэдэг. Олон улсын аудит өндөр үнэлгээтэй, үндэсний аудитын байгууллага шиг төсвийн дотоод асуудалд аудит хийдэггүй.
Тиймээс олон улсын ямар аудитын байгууллагаар аль төрийн өмчит компанийг шалгуулах гэж байгаагаа тодорхойлж, төсөвт хөрөнгөө оруулж ирэх ёстой учраас заавал хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн, дэмжээгүй байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхсайхан, С.Зулпхар нар хууль болон тогтоолын төслүүдэд зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлүүлэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ийнхүү хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дээрх хуулийн төслүүдийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан байна. Тухайлбал, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан 2025-2026 онд ашиглалтад орох барилга, байгууламжуудын ашиглалтын зардал, үйлчлүүлэгчийн тоо, үр дүнгээс хамааран хувьчлах, төсөвт үзүүлэх ачааллыг бууруулж түрээслэх, Гэр бүл хөгжлийн төв, Хүний хөгжлийн ордон, Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Хүүхэд хамгаалал хөгжлийн төв, Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга байгууламжуудын хэрэгцээ шаардлага, давхардлыг судалж, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зэрэг саналуудыг гаргасан талаар Төсвийн байнгын хорооны дарга танилцууллаа.
Түүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээн авсан бөгөөд цаг хугацаа тулсан энэ өдрүүдэд төсвийн хэлэлцүүлгийг аль болох үр дүнтэй явуулахад бүхий л талаар анхааран ажиллаж байна. Гэвч зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд байсаар байгааг дурдахаас аргагүй байна гээд, 2025 оны төсвийн төсөлд нийт зардлыг анхны хувилбараас 2.3 их наяд төгрөгөөр бууруулан, тэнцлийг алдагдалгүй болгож өргөн барьсан хэдий ч төсөв хэт өндөр зардалтай, учраас түүнийг дагаад төр үрэлгэн, нүсэр бүтэцтэй хэвээр байна гэдгийг онцолж байв.
Түүний дараа Төсвийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.
Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн.
Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8,881.7 сая төгрөг, нийт 28,881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2,881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн.
Мөн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус дэмжив. Дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцсэний дараа гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.
Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Улстөр нийгэм
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна.
Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм.
Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр хүчин чармайлт нь нэгэн чухал зүйлийг тодорхой харуулж байна: улаанбурхан өвчний эсрэг вакцин үр дүнтэй. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, тархвар судлал болон лабораторийн тандалтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлж, судлах, эмнэлзүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлсэн.
ДЭМБ-ын зүгээс энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.
Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан. Гэсэн хэдий ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.
Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ.
Эрүүл мэндийн яам болон ДЭМБ нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн цаашид хүрсэн ололт, амжилтаа бататгах үүрэг амлалтандаа бат зогсохоо дахин мэдэгдэж байна.
Улстөр нийгэм
У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сүүлийн үед болоод байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэг хүчний ерөнхий камондлагч хэмээх эрхэм хүндтэй албыг хашдаг. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал. Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Хууль доор хүн бүр тэгш эрхтэй байна.
Ардчилсан Нам үүрэгт ажлаа өгөөч, үнэн худлаа тогтоох нь зүйтэй гэсэн байна. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.
Гадаад харилцаа бэхжиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өсөж байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Янз бүрийн бодлогын алдаа гаргаагүй. Олон улсын түвшин хамтын ажиллагаа сайжруулсан.
Дэлхий түвшинд Монгол Улсын хүлээн зөвшөөрдөг болсон. Дэлхийн олон төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай улсын нэр хүнд хэрхэн өсөж, бэхжиж тэлснийг сүүлийн таван жилийн хугацаанд олж харсан байх. Би 17 настай байхдаа цэрэг болж эх орондоо тангараг өргөж байсан. Би офицер хүн. Худлаа ярьж хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ миний үндсэн зан. Үүнийг ч ард түмэн мэднэ.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө өөрийнхөө үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө. Энэ ажилласан хугацаандаа ард түмэн болон төр засгаас хулгай хийж байгаагүй. Харин хулгайд алдсан үйлдвэр орд газрыг эх орондоо авч ирсэн. Тухайбал, Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Тос тосон бумбын орон, Тарвагатай орд, Ноён уул бусад алдагдсан байсныг бүгдийг авч өнөөдрийн баялагийн сангийн үндэс суурийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орондоо төлөө зүтгэж ажилласан” гэв.
-
Урлаг спорт2021/09/28
“Токио-2020” зуны олимп, паралимпод амжилттай оролцсон тамирчин, дас...
-
Цаг үе2022/08/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Цаг үе2022/02/09
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Цаг үе2024/12/23
Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орлоо
