Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа.
Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар тогтсон бөгөөд барилгын ажил 1261 онд эхэлж, 1265 онд дууссан гэж түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.
Монгол Улсын их сургууль, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг 2022, 2023 онд Турк Улсын Ван аймгийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул судалгаа, сорилтын малтлага хийн уг зуны ордны туурийг нээн илрүүлсэн.

Түүхэн сурвалжид Аладаг буюу Алаг уулын хот хэмээн тэмдэглэгдсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн нийт хэмжээг 900×1200 метр.квадрат хэмээн археологийн судлаачид тогтоогоод байна. Малтлагын явцад хас хээтэй ваар болон зээбадын дүрстэй ваарын үлдэгдэл олдсон нь Ойрх Дорнодын бүс нутгаас анх удаа монгол загварын эдлэл олдсон тохиолдол болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 760 жилийн өмнө баригдаж дууссан Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн малтлагын талбайд ажиллаж, Ван нуурын Акдамар сүмийн хана дээрх Хүлэгү хааны чулуун хөргийг үзэж сонирхлоо.

Ерөнхийлөгч тус судалгааны ажлын ач холбогдлыг онцлохын хажуугаар судалгааны дараагийн шат, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар эрдэмтэн судлаачидтай ярилцаж, үргэлжлүүлэн өргөн хүрээний малтлага, судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Аладагийн орд хот буй газрыг БНТУ-ын нэгдүгээр зэрэглэлийн археологийн дурсгалаар бүртгэн авч улсын хамгаалалтад оруулсан бөгөөд эхний ээлжинд хотын бүрэн хэмжээг нарийвчлан лавтай тогтоож, байгалийн болон хүний хөнөөлт нөлөөнөөс хамгаалах шаардлага тулгарч байгааг эрдэмтэд онцлов.

МУИС, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Турк дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2022 оноос эхлэн “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутагт буй Аладагийн ордны хайгуул судалгаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, БНТУ-ын Үндэсний их хурлын гишүүн Бурхан Каяатүрк, Үндэсний их хурлын гишүүн Каяхан Түркменолу, Соёл, аялал жуулчлалын дэд сайд Гөкхан Язгы, Ван аймгийн Захирагч Озан Балжи, Монгол, Туркийн хамтарсан археологийн багийн эрдэмтэн судлаачид Ван аймагт ажиллалаа.


Улстөр нийгэм
Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.
Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.
Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
-
Цаг үе2021/12/15
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Улстөр нийгэм2020/12/02
Байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн хуралдаан болно
-
Цаг үе2020/09/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2022/10/19
Зорчигчийн эрүүл мэндийн хяналтын хуудсыг цахимжуулах “Arrivalmn апп&rdquo...
