Улстөр нийгэм
Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал, өмнөх байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн тухай хуулийн хэрэгжилтийг сонссон. Инновац, технологийг дэмжих чиглэлд батлагдсан боловч хэрэгждэггүй хэд хэдэн хуулиуд байна. 2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаас хойш 5 жил тутам үнэлгээ хийгдэх ёстой боловч үнэлээгүй өдий хүрсэн байна. Тиймээс Инновацийн тухай хуулийг хэрэгжилтийн талаар дүнгэлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон.
УИХ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн “Дөлгөөн цагаан интернэшнл” ХХК-д захиалан хуулийн хэрэгжилтийн судалгааг хийлгэжээ. Тус компанийн судлаач Д.Жавхлан энэхүү судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тэрбээр, Инновацийн тухай хууль батлагдсан өдрөөс хойш 2021 онд хүртэл 8 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Инновацийн тухай хуулийн дээрх холбогдох заалтын хүрээнд өндөр технологи, үндэсний инновацийн чиглэлд хөрөнгө оруулалтыг огт шийдвэрлээгүй байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг шийдвэрлээгүй нөхцөл нь урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн биелэлтэд томоохон сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна. Харин Монгол Улсын 2021- 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт өндөр технологи, үндэсний инновацийн салбарын хүрээнд дээрх 2 барилгын ажлын хөрөнгө оруулалт тусгагдсан боловч өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц хангалтгүй гэж Үндэсний аудитын газрын дүгнэлт тусгагдсан байна. Инновацийн тухай хуулийг нарийвчлан зохицуулах, цаашлаад төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хоорондын харилцааг ойлгомжтой, тодорхой болгох журмын зохицуулалтууд Инновацийн тухай хуулийг батлагдсан гарснаас хойш 8 жилийн дараа буюу 2020 он болон 2023 онд голлох журмын зохицуулалтууд батлагдсан байна.
Түүнчлэн батлагдах шаардлагатай журмуудаас өндөр технологий, үндэсний инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад төрийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулах ёстой хоёр журмыг Монгол Улсын Засгийн газар өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Инновацийн тухай хууль, холбогдох батлагдсан журам нь инновацийн салбарын хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл болсон боловч, журмын хэрэгжилт нь төсвийн хязгаарлалт, хөрөнгө оруулалтын дутагдал, судалгаа, хөгжүүлэлт болон грант олгох шалгуур зэрэг шийдвэрлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай.
Инновацийн тухай хуульд өндөр технологи, үндэсний инновацийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх олон эх үүсвэрийг тусгаж өгсөн боловч өнөөдрийн байдлаар ихэнх төсөл хөтөлбөрийн санхүүжилт зөвхөн Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох Шинжлэх ухаан, технологийн сангаас олгогдож байна. Гэвч тус сан нь зөвхөн өндөр технологи, үндэсний инновацийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээс гадна, шинжлэх ухааны суурь судалгаанууд болон бусад нарийвчилсан бүхий л судалгааг санхүүжүүлж байна. Өндөр технологи, үндэсний инновацийн төсөл хөтөлбөрүүдэд зарим жилд 120 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт грант олгосон бол зарим жилд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь тухайн санхүүжилтийн төлөвлөгөө тогтвортой биш байгааг илэрхийлж байна.
Монгол Улсын Инновацийн дэд бүтцийн хэрэгжилт нь технологийн паркууд, инкубаторууд, хамтын оффисууд болон төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжиж байна. Гэвч тус салбарын хөгжил, дэд бүтцийг дэмжихэд асуудлууд байгаа бөгөөд цаашид илүү үр ашигтай, тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын чанар, хяналт, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх үнэлгээ хийх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэх зэргээр танилцуулаад төрөөс инновацийг дэмжих тухайд маш олон төрлийн дэмжлэгийн төрлүүд байх бөгөөд хамгийн чухал нь мэдээж инновацийг санхүүжүүлэх явдал байна гэв.
Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээллийн дараа ажлын хэсгээс байнгын хорооны гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, А.Ганбаатар, Д. Рэгдэл, Ж.Золжаргал нар асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, Монгол Улс инновацлаг байдлаараа 132 орноос 68 дугаарт оржээ. Өөрөөр хэлбэл, 4 жилийн өмнөхөөс 10 байраар ухарсан шалтгааныг тодруулахыг хүсээд стартап буюу гарааны бизнес эрхлэх компаниудыг хэрхэн дэмжиж байгаа талаар асуусан.
Ажлын хэсгээс стартап буюу гарааны компаниудыг дэмжих 10 төрлийн ажлыг 1,4 тэрбум төгрөгийн төсвөөр санхүүжүүлэн дэмжихээр төлөвлөж байна. Манай улсын инновацийн индекс ухарсан гол шалтгаан нь мэдлэгт суурилсан бизнес эрхэлсэн бүтэц сул, судалгаа хөгжүүлэлтийн зардал бага зэрэг хэд хэдэн шалтгаанаар индексийг хойш нь татаж байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг, технологи шингээсэн үйлдвэрлэл хөгжих боломж тааруу гэсэн үг. Мөн хоёрдугаарт, Инновацийн тухай хууль гарааны компаниудыг дэмжсэн чиглэлд илүү олон заалттай байна. Томоохон компаниудад зориулсан дэмжлэг үзүүлэх заалт байхгүй зэрэг нь хуулийн бас нэгэн дутагдалтай тал юм гэв. УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал, 2012 онд батлагдсан энэхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй, дагалдан гарах журам гараагүй, үнэлгээ хийгдээгүй улмаар урт, дунд хугацааны хөтөлбөр гарах ёстой байсан боловч гарсангүй. Тиймээс байнгын хороо манай улсад хүчиг төгөлдөр мөрдөгдөж буй ч хэрэгждэггүй инновац, технологийн чиглэлийн хуулиудын хэрэгжилтийн мэдээлэл авч байна. Цаашид салбарын уялдаа холбоог хангах, хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд холбогдох яамтай ярилцаж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах ёстой юм хэмээн дүгнэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2025/09/19
“ГОВЬ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
-
Цаг үе2021/03/23
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ ү...
-
Цаг үе2021/04/23
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
-
Шударга мэдээ2021/02/23
Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ
