Цаг үе
“Төрийн банк” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа
“Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр (2025.04.29) боллоо. Хурлаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулснаас гадна “Төрийн банкны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн баталлаа.
Монгол орон даяар 500 салбар нэгж, 4,000 гаруй ажилтан, 2.3 сая харицагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй “Төрийн банк” ХК нь 2022 онд Банкны тухай хуулийн дагуу нийт хувьцааныхаа 5.71 хувийг олон нийтэд санал болгож, 25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр Сангийн яамны хувь эзэмшил 49.26, Хадгаламжийн даатгалын корпорацын хувь эзэмшил 45.03 хувь болж, Төрийн банк системд нөлөө бүхий банкуудаа түүчээлэн хөрөнгийн зах зээлд хөл тавьсан.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Тэлмүүн Төрийн банк байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, ногоон хөгжил, дундаж давхаргыг бойжуулах, дэмжихэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тогтвортой, хүртээмжтэй хүргэх тогтолцоо бүрдүүлэхэд ихээхэн анхаарч буйг онцлов. Мөн тэрбээр Төрийн банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд жил дараалан багтаж буйг ч тодотгож байлаа.
Харин “Төрийн банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хурлын үеэр банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэрхэн сайжирсан талаар танилцуулсан. Тэрбээр, “Төрийн банк 2009 онд 130 гаруй тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үүсгэн байгуулагдсан бол өнөөдөр активын хэмжээ 6.2 их наяд төгрөг болж, банкны системд томоохон орон зай эзэлж байна” хэмээн онцолсон юм.
Банкны актив хөрөнгийн тухайд, сүүлийн гурван жилд 18.2 хувиар өссөн бөгөөд нийт активын 56 хувийг зээлийн багц эзэлж байна. Мөн зээлийн багц 2024 онд 3.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 44 хувиар өссөн байна.
Төрийн банкны цэвэр ашгийн хувьд, мөн л жил дараалан өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, сүүлийн гурван жилд банкны цэвэр ашиг 41.3 хувиар өсөж, өнгөрсөн онд 108 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдэгдсэн.
Түүнчлэн Төрийн банкны ногдол ашгийн өгөөж 2024 онд 13 хувь байснаас гадна өнгөрсөн оны цэвэр ашгийнхаа 44.6 хувийг энэ онд ногдол ашиг болгон хуваарилсан нь системд нөлөө бүхий бусад банктай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Төрийн банкны удирдлагуудын зүгээс цаашид банкны цэвэр ашиг, ногдол ашгийн өгөөжийг тогтмол нэмэгдүүлж, бууруулахгүй байх бодлого баримталж байгаагаа хурлын үеэр мэдэгдсэн юм.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Урлаг спорт2019/11/06
Дуучин Н. Ундралын шинэ уран бүтээл “Дурлаарай” дууны клип цацагдлаа...
-
Улстөр нийгэм2019/10/09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Цаг үе2024/06/03
Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа
-
Улстөр нийгэм2022/11/15
Д.Амарбаясгалан: Монгол Улс нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуул...
