Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Тавдугаар сарын 16-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 16-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуурагтай байхыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 17-ноос
2025 оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын саваар, 18-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн баруун өмнөд хэсгээр дулаарна.
Цаг үе
Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.
Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.
Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.
Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Цаг үе
Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.
"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Цаг үе
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа
НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.
Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.
-
Улстөр нийгэм2025/08/07
“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
-
Цаг үе2025/02/13
Улсын аварга тариаланч хамт олон тодорлоо
-
Цаг үе2023/11/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Цаг үе2022/11/02
Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд!
