Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ.

Төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна. 

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Өмнө нь хог шатаах үйлдвэр бариагүй билүү. Тэр юу болсон бэ. Нэг үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй байж дахин үйлдвэр барих талаар яриад байна уу” гэсэн асуултыг тавив.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнгөрсөн жил барилгын хогийг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Энэ бол хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр юм” гэдэг тайлбарыг хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Дэлхийн улс орнуудад хог шатаах үйлдвэр нэлээд боловсронгуй болсон. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаас дэмжиж байна. Гурван үе шаттай үйлдвэрийг барихад туршлагатай компани, багагүй хөрөнгө оруулалт шаардана. Сонгон шалгаруулалтад үүнийг хэрхэн анхаарах вэ. Биологийн задралгүй хог хаягдлаа шатаагаад эрчим хүч гаргаад шийдчих юм байна. Тэгвэл биологийн задралтай хогоо хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Нэг хогоо шийдээд, нөгөө хогоо үлдээхгүй болов уу” гэсэн асуултыг тавилаа.  

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Байгальд ээлтэй талаасаа олон улсад нэлээд дээгүүрт орох төсөл гэж тодорхойлоод байгаа. Гурван үе шаттай явж байгаа төсөлд нэлээд анхаарч ажиллаж байна. Урьдчилсан шатад 4 компаниас ТЭЗҮ авсан. ШУТИС-ийн эрдэмтэд шинжилгээ хийсний үндсэн дээр ТЭЗҮ-г эцэслэсэн. Шатах боломжтой бүх хогийг шатааж эрчим хүч гаргах боломжтой. Зарим төрлийн тухайлбал, малын сэг зэмийг шатаахдаа нүүрс ч юм уу тодорхой зүйлийг хольж шатаах технологитой” гэв.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хан-Уул дүүргийн 24-р хороо Морингийн даваа орчмын иргэдийн эрх ашгийг, нийгмийн байдлыг дордуулахгүйгээр газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Мэдээж том төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй ч иргэдийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой учраас энэ талаар тодруулж байна” гэв.

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх газрын 142 га талбайд байршилтай 600 айл өрх бий. Гэхдээ эдгээр айлууд яг үйлдвэр барих газарт бол ороогүй бүс. Гол цаашдаа үйлдвэрийн парк барих төлөвлөлтүүд хийх юм. Дээрх айлуудын 583 нь дүүргээс, 13 нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгогдсон байгаа. Нийтдээ 444 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, үлдсэн хашаа татсан болон амьдарч байгаа айлуудыг холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна.” гэсэн тайлбарыг өглөө. Тодруулбал, 88 нь хашаатай, 14 нь газар дээрээ амьдарч байгаа, 356 нь хоосон буюу хоёр жил ашиглаагүй, хоёр жил болоогүй 141 газар байна. Иймд газрыг дүйцүүлж олгохоор суурьшил үүссэн бүсэд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа “Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн саналыг асуух хэрэгтэй. Морингийн давааны эдгээр айлаас эхлээд санал асуулга авсан уу. Морингийн даваанд барих хог шатаах үйлдвэр барих байршлын хувьд хэр зохистой вэ” гэсэн асуултыг тодрууллаа. Харин албаныхан хуулийн дагуу асуулга явуулсан талаар тайлбар өглөө. Төслийн гол зорилго нь газрын хөрсний болоод агаар орчны бохирдлыг бууруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэдгийг онцлов.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн хогийг ангилан олгох талаар тодрууллаа. Тухайн үйлдвэр биологийн болон бусад зэрэг шатаах технологиос хамаарч гурав ангилах талаар тайлбарлав.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Эдийн засгийн ач холбогдолтой төслийг дэмжинэ. Гол нь энэ төслүүдээ яриад л байх биш гараанаас нь хөдөлгөмөөр байна. Мөн энэ үйлдвэр ашиглалтад ороход хэдэн жилийн дараа хоггүй болох вэ. Аюултай хог хаягдлыг цаашдаа яах вэ. Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэрийг хувийн хэвшил барьчихсан байна. Үүнийг дэмжиж байгаа зүйл байна уу” гэдгийг тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар Улаанчулуут, Морингийн даваа, Цагаа давааны хогийн цэгүүдэд дарж булшлах аргыг хэрэглэж байна. Жилд дунджаар 1.2 тонн буюу нэг иргэн өдөрт 0.8-1 кг хог гаргадаг гэсэн тооцоо бий. Үүний 75 хувь нь шатаах боломжтой гэсэн судалгаа хийсэн. Тиймээс хогноос эрчим хүч гаргах технологийг сонгосон. Аюултай хог хаягдлыг цаашдаа уг үйлдвэрт шатаахдаа ангилах талаар анхаарч ажиллана” гэсэн тайлбарыг өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр “Ахуй хог хаягдлыг шатааж болж байна. Гол нь аюултай хог хаягдлыг цаашдаа хэрхэн шийдэх талаар ярих зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа уурхайтай холбоотой асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Налайхад дарах булшлах хог хаягдалд эмнэлгийн аюулгүй хог хаягдал их эзэлдэг. Үүнийг бас анхаарах хэрэгтэй байна” гэв.  

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Төслийг бол мэдээж дэмжиж байна. Гэхдээ эргээд гүйцэтгэл дээр маш онцгой анхаарахгүй бол хариуцах эзэнгүй үлддэг шүү” гэсэн саналыг хэллээ.

Түүнчлэн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай,  Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох