Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүллээ.

Арилжааны тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны эрх зүйн онцлог, нарийвчилсан бусад зохицуулалтуудыг судлан тодорхойлох хэрэгцээ, шаардлага үүссэн. Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар бие даасан арилжааны хууль батлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны төлөөлөл, хувийн эрх зүйн судлаач, шүүгч, өмгөөлөгч зэрэг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Хуулийн төслийг боловсруулахтай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар холбогдох судалгаануудыг хийлгэсэн болохыг О.Алтангэрэл сайд танилцуулсан.

Арилжааны тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд 22 бүлэгтэй, 137 зүйлтэй юм байна. Төсөлд арилжааны эрх зүйн зарчим, арилжааны хууль тогтоомжийг хэрэглэх журам, арилжааны эрх зүйн харилцаан оролцогч буюу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг арилжаа эрхлэгч, насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хувь хүн арилжааны үйл ажиллагаа эрхлэх, арилжааны бүртгэлд сайн дурын үндсэн дээр бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болох этгээдүүд, жижиг арилжаа эрхлэгч зэрэг ойлголтын талаарх зохицуулалтуудыг тусгажээ Мөн арилжааны бүртгэлийн ойлголт, тогтолцоо, хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэл буюу төрөлжсөн бүртгэлийн талаар, арилжааны бүртгэлийн үр дагавар (позитив болон негатив), арилжааны нэр, шударга бусаар бусдын арилжааны нэрийг ашиглахыг хориглосон зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачлагч төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдсөн этгээдүүдийн эрх, арилжааны нэрийг бусдад ашиглуулах, шилжүүлэх, өв залгамжлуулах тохиолдол, арилжааны үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх, түүний хязгаарлалт, арилжааны төлөөлөгч, арилжааны зуучлагч, арилжааны хэлцлийн нийтлэг зохицуулалт болон бусад гэрээний тусгайлсан зохицуулалтыг тусгасан байна.

Төсөл дэх зохицуулалтууд нь одоо мөрдөгдөж буй Иргэний хуулиар зохицуулагддаг тул энэ хүрээнд Иргэний хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гээд дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө.

Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу багцлан боловсруулсан бөгөөд төслийг олон нийтэд танилцуулахаар эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны www.mojha.gov.mn албан ёсны цахим хуудаст хуулийн төсөл, танилцуулга, англи хэлээрх хувилбар болон холбогдох бусад судалгааг байршуулан иргэд, олон нийт судалж, танилцан, санал өгөх боломжоор хангаж ажилласан байна.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг  томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа аж.

Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд дурдсан бөгөөд үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байна. 

Эдгээр шаардлагыг үндэслэн Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн аргачлал, стандарт, зарчмын дагуу шинэчлэн боловсруулан, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах аж.

Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгажээ. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна.

Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг  баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ.   

Мөн төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах,  аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн байна.   

Мөн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосон байна.  

Уг хуулийн төсөл нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэдгийг сайд О.Алтангэрэл тодотгосон юм.

Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаар: Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, олон улсын сайн жишигт хүргэнэ гэж тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Хуулийн төслөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэнийн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулсан талаар үзэл баримтлалд дурджээ.

Хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа иргэний шийдвэр гүйцэтгэх албыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, олон улсын жишигт нийцүүлж, цэргийн албаны хууль тогтоомж хамаарахгүй, урамшуулалд суурилсан шуурхай, үр дүнтэй тогтолцоог ялгамжтай байдлаар бий болгосон зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь цэргиийн байгууллагын статусгүй байхаар, уг байгууллагын албан хаагч нь цалингаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авахаар төсөлд тусгаж, ингэснээр улсын төсөвт үүсэх зардлыг хэмнэнэ гэж тооцсон байна.

Хуулийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч, зохих саналыг тусгасан бөгөөд хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг харгалзан үзэж тусгасан гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм18 цаг 26 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе18 цаг 31 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе18 цаг 36 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ18 цаг 41 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе18 цаг 49 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе18 цаг 53 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм18 цаг 57 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох