Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц нар 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаараа мэдээлэл өгөв.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсынхаа нийт хүүхдүүд багачуудад ирэх ням гарагт тохиох хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн дэвшүүлэв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухайн конвенцын “...тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг...” гэдэг зарчмыг удирдлага болгон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хамтран Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.

Хүүхдийн хөгжлийн асуудлыг зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудад даатгах биш, хүүхдийг хувь хүн болгох чиглэлээр олон талыг нь дэмжин хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хичээлээс гадуур хэрэгжүүлэх, мөн хүүхдийн урлаг, спортын авьяас, ур чадварыг нээх, хөгжүүлэх үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд бүх нийтийн оролцоо хамгийн чухал гэдгийг М.Бадамсүрэн гишүүн онцлоод “Төсөл батлагдсанаар хүүхдийн хөгжлийн асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчид төрийн байгууллага, орон нутгийн байгууллагатайгаа хамтран ажиллах шаардлагатай болно. Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн асуудлыг бүх түвшиндээ чухалчлан анхаарч, бие даасан хуультай болгох нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ. М.Бадамсүрэн гишүүн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеийнхээ туршлага, тус аймагт гурав дахь жилдээ амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнд үндэслэн, сайн туршлагыг улс орон даяар хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулснаа мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хүүхдийн асуудал Монгол Улсад тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг болохыг мэдээллийнхээ эхэнд дурдсан. Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн бол 1996 онд Хүүхдийн эрхийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан, 2016 онд шинэчлэн баталсан, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд баталсан нь  парламент хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, сайжруулж, цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан өөрчилж, шинэчилж байдгийн илрэл хэмээв. Үргэлжлүүлэн тэрбээр "Хүүхдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ хөгжил, оролцоог нь дэмжих нь чухал. Тиймээс энэ асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлж, нийтээр хэрэгжүүлэхийн тулд бие даасан хууль батлах нь зүйтэй гэж бид үзсэн. Дорнод аймгийн сайн туршлага, онол, практикийн судалгаанд үндэслэн, хүн амын 40 орчим хувийг эзэлж буй 18 хүртэлх насны хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжих асуудлыг улс орон даяараа анхаарах нь ёстой” гэв. Аливаа хуулийг батлах нь нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх, хөрсөн дээр буулгах нь хамгийн чухал хэмээн Ц.Идэрбат гишүүн хэлээд, энэхүү хуулийн төслийг амьдралд нийцтэй, хэрэгжих бүрэн боломжтой байхыг тооцож тун нухацтай боловсруулсан талаараа мэдээлэл өгөв. Хүүхдүүд сурах эрхийнхээ хамт хөгжих бололцоог нь дэмжихийг насанд хүрэгчдээс, нийгмээс хүсдэг хэмээгээд энэ хэрэгцээ, шаардлагыг нь хангах зохицуулалтыг хууль эрх зүйн хүрээнд нээж өгснөөр улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг хүүхдийн хөгжлийг дэмжихэд хуваарилах боломж бүрдэх ач холбогдолтойг тодотгосон юм.



Хүүхэд бол улс орны ирээдүй, үнэт зүйл, баялаг гэдгийг тооцож тэднийгээ зөв зохистой мэдлэг, мэдээллээр хангаж, хөгжүүлэх, улмаар нийгэмтэйгээ харилцах төрөл бүрийн чадварыг сургах нь чухал гэдгийг Д.Ганмаа гишүүн хэлсэн. Хүүхдүүдэд зөв мэдээлэл хүргэж, зөв дадалтай болгон хүмүүжүүлснээр гэр бүлд нөлөөлөх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд эерэг үр нөлөө бий болгох боломжтойг жишээ дурдан тайлбарласан. Хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр “Бидний санаачилсан хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэн тохиолдолд монгол хүүхэд бүр хөгжих тэгш боломжоор хангагдаж, өндөр хөгжилтэй улс орнуудын хүүхэд багачуудтай адил зөв мэдлэг, мэдээллийг авах боломжтой болно. Хүүхдийн хөгжилд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлснээр нийгэмд олон эерэг үр нөлөө бий болдог. Засгийн газраас 2026 оныг “Боловсролын жил” болгон  зарласан, тэгвэл Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг парламент баталвал цаг үеэ олсон төрийн оновчтой шийдвэр болох юм” гэлээ.

Аливаа нийгмийн цөм нь хүүхдийн хөгжил, боловсрол байдгийг Г.Лувсанжамц гишүүн тэмдэглэв. Нийслэл, орон нутгийн захиргаа, нийгмийн бүх түвшиндээ хүүхдийн эрхийг хамгаалахаас гадна хөгжлийг нь дэмжих ёстойг онцлоод “Цаашдаа төсөв, улсын хөгжлийн төлөвлөгөөгөө зам гүүр барихад бус хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих чиглэлд төлөвлөж байх нь зохистой. Төрийн бодлогын төвд хүн байх ёстой. Энэ зарчмын байр суурийнхаа дагуу хуулийн төслийг хамтран боловсрууллаа. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр хүүхдүүдээ чихэр, жимсээр дайлаад өнгөрүүлэх биш, эрхийг нь хамгаалж чадаж байгаа юу, хөгжүүлэхэд нь гар бие оролцож чадаж байна уу гэдгээ бодож, дүгнэдэг байх нь зүйтэй. Монгол Улс бол хүүхэд, залуучуудын улс. Хүнээ, хүүхдээ хөгжүүлж байж бидэнд улсын хөгжлийг ярих боломж бүрдэнэ гэдгийг ойлгож, гэр бүл төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, нийтээрээ хүүхдийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих үүрэгтэй гэдгээ цаг ямагт санаж байх ёстой” гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаарх мэдээллээ танилцуулсны дараа хэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 2 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе6 цаг 8 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе6 цаг 12 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ6 цаг 17 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе6 цаг 25 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе6 цаг 30 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм6 цаг 33 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох