Цаг үе
“Алтан хайч 2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Төрийн банк, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголчуудтайгаа туршлагаа хуваалцъя, үнэ цэн бүтээе (Share Mongolia) НҮТББ хамтран “Алтан хайч 2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг Төв аймгийн Зуунмод хотын Өв соёлын төв цогцолборт зохион байгуулж байна.
Зургаадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд цахилгаан хайч болон гар хайчны төрлөөр хоёр өдрийн турш үргэлжлэх тус тэмцээн нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт инновац, шинэ технологи нэвтрүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Төрийн банк тогтвортой хөгжлийг эрхэмлэгч “ногоон” банк байх зорилтынхоо хүрээнд уг арга хэмжээг дэмжин оролцож байна.
“Хяргах технологийг сайжруулж, цахилгаан хайчаар хонь ноослох соёл, ур чадварыг түгээн дэлгэрүүлснээр ноосны чанар, гарц сайжрах, орон нутагт ажлын байр бий болох ач холбогдолтой. Мөн малыг шархлуулахгүй ноосолсноор халдвараас сэргийлэх, малын эрүүл мэндийг сахин хамгаалах, цаашлаад арьс, шир импортлогч орнуудын стандарт шаардлагыг хангах, экспортын орлого нэмэгдэх зэрэг эерэг өөрчлөлтүүд түүчээлнэ” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Тэмцээний үеэр “Ноосны чанар, бэлтгэн нийлүүлэлтэд тулгамдсан асуудал, гарц шийдэл”, “Хонийг ноосны чиглэлээр үржүүлэх дэлхийн чиг хандлага, үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна ноос, ноолууран бүтээгдэхүүн, мал аж ахуйн шинэ техник технологи, малын тэжээл, эм бэлдмэл, мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Түүнчлэн шагайн харваа, хос морьтны тэмцээн, тэмээ ноослох үзүүлбэр зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг ч төлөвлөжээ.
Хонь ноослох тэмцээнийг мал аж ахуйд суурилсан эдийн засаг, соёл уламжлал бүхий улс орнуудад түгээмэл зохион байгуулдаг бөгөөд хамгийн анхны “Golden Shear” тэмцээнийг 1961 онд Шинэ Зеландад зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш хонь ноослогчдын хурд хүчийг сорих уг тэмцээн тус улсын үндэсний соёл, уламжлалын бахархалт арга хэмжээ болоод зогсохгүй олон улсын тэмцээнүүдийг ч араасаа дагуулсан байна.
Монгол Улсад 2022 оноос мэргэшсэн хяргагч бэлтгэх сургалт зохион байгуулж, 30 орчим залуусыг бэлтгэсэн бөгөөд 4-5 хяргагч өдөрт 1000 гаруй хонь хяргадгийг “Алтан хайч” тэмцээний зохион байгуулагч “Share Mongolia” байгууллагаас онцолж байв.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Шударга мэдээ2024/09/05
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асууд...
-
Улстөр нийгэм2020/06/12
Ерөнхий сайд Улсын тэргүүний Жаргалант суманд ажиллав
-
Цаг үе2026/03/26
Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна
-
Улстөр нийгэм2023/09/25
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг БНХАУ-ын Бэ...
