Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  1. МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.

Уламжлалт найрсаг харилцааг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмын дагуу тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх тэгш бөгөөд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээний үндсэн дээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр улс төдийгүй Төв Азийн бүс нутаг, олон улсад энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцнэ гэдэгт санал нэгдэж, харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирлоо.

  1. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан Шадар сайд Жамшид Ходжаев,

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, худалдааг өргөжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, шууд хөрөнгө оруулалтыг татах зэргээр  хамтран ажиллана.

  1. МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар зөвлөлдөх уулзалт тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно. 

  1. ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Эрх бүхий байгууллагууд тодорхой нэр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

  1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА “УЗАРХИВ” АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Баримт бичгийг хамтран судлах, цахим архивын шийдэл нэвтрүүлэх, сэргээн засварлалт болон мэргэжилтэн солилцооны чиглэлээр туршлага хуваалцах, хамтарсан үзэсгэлэн ба эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулна.

  1. ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай олон чиглэлд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, их, дээд сургуулиудын удирдлага, багш, судлаач, оюутнуудын харилцан солилцоог дэмжих, сургалт, судалгаа зохион байгуулах, боловсролын тогтолцоо, хөтөлбөр, сургалтын нөөц, сурах бичиг, программ хангамжийн талаар мэдээлэл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, инновац, технологи, гарааны бизнесийн чиглэлээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана.

  1. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН УУЛ УУРХАЙ, ГЕОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Уул уурхай, геологийн сайд Бобир Исламов,

Уул уурхайн хамтын ажиллагааны үндсийг тавьж, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх бөгөөд хамтын ажиллагаа нь технологийн хөгжил болон уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлнэ.  

  1. МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ, ХОРИО ЦЭЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,

Ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн импортолж, экспортлох таатай нөхцөл бүрдүүлж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангана. Ургамлын эрүүл ахуйн шаардлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, ургамлын цахим гэрчилгээний (e-Phyto) систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ. Хоёр улсын нутаг дэвсгэрээр бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх, импорт, экспортын үйл ажиллагааг хөнгөвчиллөө.

  1. МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Ибрахим Абдурахманов,

Хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн усалгааны технологи нэвтрүүлэх, мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлд хамтарсан төслүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсад Узбекистаны  тэргүүн туршлагыг ашиглан ургамлын сортуудыг сонгож 5,000 суулгацыг шилжүүлэн суулгаж, загасны аж ахуй болон зөгий үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллана. 

  1. ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-д Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Мэргэжилтэн бэлтгэх болон эрүүл мэндийн судалгааны чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн цахим мэдээллийн системийн талаар харилцан туршлага солилцоно. Нийгмийн эрүүл мэндийн даатгал, орчин үеийн технологид суурилсан оношилгоо зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл солилцоно.

  1. БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Цөлжилт, газрын доройтол, усны нөөц,  уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөлт зүйлс, еко-системийг хамгаалах, байгаль хамгааллын боловсрол зэрэг салбарт  харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  1. БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов,

Биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, спортын зүтгэлтэнүүдийг харилцан оролцуулна.

  1. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ ХООРОНДЫН ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын сайд Озодбек Назарбеков,

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хамтран  хэрэгжүүлэх, шилдэг туршлагаа солилцох, эко аялал жуулчлал болон байгаль хамгааллын мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх, хамтарсан бага хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах, эко аялал жуулчлалын газруудыг харилцан сурталчлах, мэдээлэл, статистикийн өгөгдөл солилцох зэргээр хамтарна.

  1. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2028 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов нар гарын үсэг зурлаа.

Хоёр орны ард түмний соёлын онцлог, урлагийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, уламжлалт дуу хөгжим, бүжиг, зан үйл, ардын аман зохиол зэрэг соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчилах, олон улсын наадам, тэмцээнд төлөөлөгчдөө оролцуулах, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 24 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе6 цаг 29 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе6 цаг 34 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ6 цаг 39 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе6 цаг 47 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе6 цаг 51 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм6 цаг 55 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох