Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хууль бусаар мод болон байгалийн ургамал бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2025 оны долоодугаар сарын 7-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52545 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.Дээрх хугацаанд 2165 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 972 хэрэг шинээр нээж, 174 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 56, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 44, Өмчлөх эрхийн эсрэг 36,  Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Авлигын 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Эдийн засгийн 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2  тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: 

  • Нийслэлийн прокурорын газраас дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан О.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох техникийн зориулалтаар ашиглах 42.73 мкв өрөөг бусдын өмчлөлд шилжүүлэн, гэрчилгээ олгон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Б.Э нь 2024 оны 10 дугаар сард орон нутагт аялж байсан гадаад иргэнийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
  • Иргэн Г.Х нь гадаад улсаас зорчин ирсэн зорчигчийн ачаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт “мөс” нэршилтэй 263.9 грамм бодисыг дайж, худалдаалах зорилгоор олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн, иргэн Ч.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б.Р нар нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар 1019 кг түүж бэлтгэсний улмаас байгаль экологид 100.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
  • Иргэн Ш.О нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 4 метрийн урттай, 25 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж байгаль экологид 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мод бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ

Огноо:

,

Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.

Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.

Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.

Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгааны явцтай танилцлаа.

Тус газарт 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей хамтран археологийн судалгаа хийж иржээ.

Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшны малтлага үргэлжилж байна. Уг булш нийт 80 метр урт, үндсэн байгууламж нь 40х40 метр хэмжээтэй бөгөөд Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшнуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.

Судлаачид эхлээд зургаан дагуул булшийг малтан судалсны дараа үндсэн булшны оршуулгын хэсэг буюу модон бунханд хүрчээ. Малтлагын гүн одоогоор 15 метр буюу таван давхар барилгын өндөртэй дүйцэх хэмжээнд хүрсэн байна.

Булшны нүхийг дээрээс доош шатлан нарийсгаж ухсан нь байгууламжийг “уруу харсан пирамид” хэлбэртэй харагдуулдаг аж.

Сүүлийн үеийн малтлагаар модон бунхны дээд хэсгээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэглэл бүхий сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор шинээр илэрч эхэлжээ.

Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн үеийн 300 орчим булш бий. Тус дурсгалыг 1974 онд археологич Х.Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх илрүүлж, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулсан байна.

2006-2012 онд энд Хүннүгийн язгууртны гурван булш, чулуун байгууламж бүхий дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул 13 жижиг булшийг малтан судалжээ.

Өмнөх малтлагуудаас хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл, хаш эдлэл, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянган эд өлгийн зүйл илэрсэн юм.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алт шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд гарсан нь Хүннүгийн язгууртны ахуй, оршуулгын зан үйл, урлалын технологийг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийнханд талархал илэрхийлж, “Мон-Сол” төслийг Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа, найрамдлын нэг илэрхийлэл хэмээн онцолжээ.

Дуурлиг нарсны дурсгалт газарт цаашид Судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулахаар төлөвлөж байна. Илэрсэн олдворуудын заримыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтэд үзүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох