Цаг үе
Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааны байршлууд
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.
Тодруулбал:
- Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай;
- Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв;
- Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, Баялаг ундраа худалдааны төвийн гадна талбай;
- Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Байгаль Эх цогцолборын талбай;
- Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Апексийн дэлгүүрийн урд талбай;
- Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, “Шинэ сандэй” худалдааны төв гадна талбай;
- Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Аса арена гадна талбай;
- Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж;
- Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхоны хойд талбай;
- Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, IC паркт үзэсгэлэн худалдаа эхэлсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа нь хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаас гадна, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулан, хотын түгжрэлийг бууруулж байгаа юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч “Радуга” хүүхдийн гутлын дэлгүүрийн төлөөлөгч А.Эрдэнэтуяа “Манай байгууллага нь уг үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор хотын төвд түгжрэлгүй, хөл хөдөлгөөн их байдаг тул борлуулалт нэмэгддэг талтай. Мөн үзэсгэлэн худалдааны талбайн түрээс бага, зохион байгуулалт сайн байдаг нь үйлчилгээ эрхэлдэг бидний хувьд томоохон дэмжлэг болдог” гэв.

Түүнчлэн энэ жилийн тухайд үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч дотоодын топ найман компани оролцож, үйлдвэрийн үнээр, и-баримттайгаар бүтээгдэхүүнээ худалдаалж байгаагаараа онцлогтой аж.
Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
