Улстөр нийгэм
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:
1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
4.сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
5.сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:
1.нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;
2.төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;
3.иргэний үнэмлэхийн хуулбар;
4.нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;
7.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;
8.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” түүний хавсралтуудын /линк байна/ линкээр унших боломжтой.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
