Цаг үе
Монгол Улс Англи хэлний олимпиадын дэлхийн аваргатай боллоо
Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр суралцуулах чиглэлээр шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн “Хиппо – хил хязгааргүй англи хэл” хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага 2012 оноос Англи хэлний Олон улсын олимпиадыг улс, тив, дэлхийн гэх шатлалаар зохион байгуулдаг.
Өдгөө 13 дахь удаагаа болсон уг нэр хүндтэй олимпиадын 2025 оны аваргууд өнгөрөгч 9 дүгээр сарын 29-нд Итали улсад тодорсон байна. Нийт 73 орны 6-12 насны 93,224 сурагч 12 насны ангиллаар оролцсон уг олимпиадын WORLD FINAL шатанд 317 оролцогчоос Монголын 19 сурагч багтсан байна.

Хамгийн олон орны, олон сурагч өрсөлдсөн Hippo 4 буюу ахлах ангийн ангилалд Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч 17 настай Бямбадоржийн Дөлгөөнхэрлэн 93,75 оноогоор тэргүүлж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулсан бахдам амжилтыг үзүүллээ. Уг ангилалд Эрдэнэбадрахын Оюу 5-д, Гантөгсийн Индра 13-т, Жамьянсүрэнгийн Солонго 17-д эрэмбэлэгджээ.
Түүнчлэн, Монголын баг тамирчдаас Ваву Hippo ангилалд Энхсайханы Эгшиглэн 8-д, Ган-Эрдэнийн Түшиг 17-д, Little Hippo ангилалд Гарьдын Сэцүлэн 10-т, Hippo 1 ангилалд Амарбаясгалангийн Эгшилэн, Ганболдын Энэрэл, Биег-Алийн Аз-Ерөөе нар амжилттай финалдсан бол Hippo 2 ангилалд Тэмүүжингийн Ундарьяа, Ганбатын Мишээл нар 10-т багтаж, Hippo 3 төрөлд Оргил сургуулийн сурагч Мөнхбаатарын Номиулин мөнгөн медаль хүртэж, Түвшинтулгын Есүгэн 14-т эрэмбэлэгдсэн байна.
Харин Hippo special 1 ангилалд Хобби сургуулийн сурагч Галтын Нандин хүрэл медалийн эзэн болж, Эрдэнэзааны Номуулин 4-т, тус тус шалгарчээ. Hippo special 2 ангилалд Болдын Билгүүн 4-т, Hippo special 3 ангилалд Сергейн Дарьяа 6-д, Hippo special 4 ангилалд Гурван тамир сургуулийн сурагч Зоригтын Мишээл дэд байранд шалгарсан байна. Мөн энэ жил анхлан зохион байгуулсан "HIPPO PIONEER” шалгаруулалтад Эрдмийн сан сургуулийн сурагч Гандолгорын Хангай ялагч болж шилдэг оролцогчоор тодорлоо.
Ийнхүү Монголын оролцогчид багаараа амжилт дүүрэн, улсынхаа нэрийг өндөрт өргөн оролцоод энэ Баасан гараг буюу 10 дугаар сарын 9-ний өглөө 05 цагт эх орондоо ирэх юм байна. Олимпиаддаа амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

.jpg)

Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Цаг үе2024/07/24
Дулааны шугамын өргөтгөлийн ажлын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хя...
-
Улстөр нийгэм2026/02/26
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруу...
-
Улстөр нийгэм2020/11/05
Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна
-
Үзэл бодол2024/05/06
Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүр...
