Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТББХ: УИХ-ын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Амарбаясгалан дарга хуралдаанд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас  өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа дурдаад “Энэ хүсэлтээ сая Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дараалалд оруулсан” хэмээлээ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон болохоо хүсэлтийнхээ эхэнд Д.Амарбаясгалан дарга дурдав. Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Тэрбээр “Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын даргын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал, хуваагдалд хүргэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засаглалын дүрэмгүй, хуульгүй, дураар авирлалт болж, төрийн эрх барих дээд байгууллага болон хууль, хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л сувгаар түгээн, миний нэр төрийг гутаан доромжилж байгаа нь туйлын харамсалтай байна.

Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна” хэмээсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, шийдвэрлүүлж байгаагаа тодотгоод “Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хойш хуралдахаар товлосон ч ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд хүлээгдэж байна. Мөн миний хүсэлттэй холбоотой асуулт, саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг асуулт, саналгүйгээр шуурхай хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээн горимын санал гаргасан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүний олонх буюу 73.9 хувь нь горимын саналыг дэмжлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 23 гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Сандаг-Очир холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд танилцууллаа. Төсөлд, Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын даргын үүргийг хэрэгжүүлж байхаар тусгажээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулж асуух асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм7 цаг 15 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе7 цаг 21 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе7 цаг 25 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ7 цаг 30 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе7 цаг 38 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе7 цаг 43 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм7 цаг 46 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох