Шударга мэдээ
НӨХГ: 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 205.3 хувьтай байна
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 оны III улирлын байдлаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүллээ. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 205.3 хувьтай байна. Харин 2024 онд нийт дүнгээр нийслэлийн төсөвт 7.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь 2023 онтой харьцуулахад 263.7 хувиар илүү байсан юм.
Нийслэлийн өмчийн харилцааны газар нийслэлийн өмчийг эзэмших, ашиглах хамгаалах оновчтой бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх замаар өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эзэмшил ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.
Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дараах хэлбэрээр орлого төвлөрүүлдэг.
- Түрээсийн орлого
- Ногдол ашгийн орлого
- Өмч хувьчлалын орлого
- Ангилагдаагүй бусад орлого
Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж буй. Түүнчлэн нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд:
- “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Т.Нямдаваагийн эзэмшлийн 51 хувийн энгийн хувьцааг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авсан.
- “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн Ж блокийн 1220 м.кв талбай бүхий барилгыг нийслэлийн өмчид авч, нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 1.9 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 36 дугаар салбарын түрээсээр эзэмшиж байсан байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсан.
- БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар түрээсээр эзэмшиж байсан байрыг “Тэмүүжин групп майнинг” ХХК дам түрээслэж ашиг олдог байдлыг зогсоож, нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчилж 1.6 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
- БГД-ийн наймдугаар хороонд байрлах “Аминжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг 5 жилийн хугацаанд түрээсийн орлогогүйгээр эзэмшиж байсан иргэнээс түрээсийн орлогыг нэхэмжилж, барилгыг хууль бус эзэмшлээс салган Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт үргэлжлүүлэн түрээсэлж, түрээсийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.
- СБД-ийн хоёрдугаар хороонд байрлах “Ачит гар” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг тус эмнэлгийн эзэмшлээс авч нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж, 334 сая төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Улстөр нийгэм2021/02/11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
-
Цаг үе2022/09/28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс г...
-
Урлаг спорт2022/12/07
“Хангарди”спортын тэмцээн үргэлжилж байна
-
Шударга мэдээ2022/10/11
Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна
